СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-03-18

Байлдагчаас эхэлсэн дэд хурандаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Р.ОЮУН

Тэрээр хил хамгаалах байгууллагад 24 жил ажиллахдаа хилийн зургаан ангид шалгагч, Заставын орлогч, Заставын дарга, захирагчийн орлогчоор ажиллаж байжээ. Үүнээс сүүлийн 14 жилд нь Сэтгэлзүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны албаны даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас одоогийн албандаа томилогдсон байна

Түүний аав ээж хоёр ОХУ-д хөдөө аж ахуйн чиглэлээр сургууль төгсч ирээд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд илгээлтээр очиж өрх тусгаарлажээ. Л.Гантөгс дөрвөн настайдаа мөрөн дээрээ шархны лент наан, гэртээ хөл тавьдаг байсан нь цэргийн хүн болох эхлэл нь байсныг хэрхэн мэдэх билээ. Тухайн үед Алтанбулагийн хилээр энгэрээрээ дүүрэн одон, медальтай орос цэргийн цуваа орж, гардаг байсан нь цэргийн хүн болоход нь багагүй нөлөөлсөн гэдэг. Түүний бага нас бусад хүүхдийн адил Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ясли, цэцэрлэгээр хүмүүжиж, ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд 1993 оны аравдугаар сард цэргийн комиссоор орж тэнцэн, Хилийн 0101 дүгээр ангийн Шалган нэвтрүүлэх ангид байлдагчаар очоод нэг жилийн алба хааж, ахлах түрүүч цолтой халагдсан байна. Халагдахаасаа өмнө цэргийн албан хаагчийн хамгийн том хүндтэй шагнал болох ангийн байлдааны тугийн өмнө дурсгалын зураг авахуулах эрхээр шагнуулсан түүний амьдралын хамгийн сайхан дурсамжтай үе нь байсан. Дурсгалын зургийн ард ангийн захирагчийн гарын үсэг, тамгатай, Л.Гантөгст дурсгав гэж бичиж өгсөн нь түүний сэтгэлээс хэзээ ч гардаггүй хэмээн зочин маань ярьж байсан юм.

Хил зөрчигчтэй тэмцэж явсан залуу нас 

1994 оны аравдугаар сард алба хаасан ангийн удирдлагаас нь “Чи цэргийн хүн болох уу. Хэрэв зөвшөөрвөл авахад бэлэн байна” гэсэн санал иржээ. Ийнхүү 1995 оны зургадугаар сард Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар дэд ахлагч цолтойгоор 1995-1997 онд Алтанбулагийн боомтод Автотээврийн бичиг баримтын  шалгагчаар ажлын гараагаа эхэлсэн түүхтэй. Энэ хугацаанд автомашиныг улсын хилээр хууль бусаар давуулдаг сүлжээ бий болсон тул хилчид тэдэнтэй тэмцдэг байв. Баг хуваарилахад Л.Гантөгс ангиасаа сонгогдон гурван сарын хугацаатай ажиллахдаа хилийн зөрчил илрүүлж байсан тохиолдол олон аж. Тухайн үед нийгэм зах зээлд шилжиж залуучууд нь наймаа хийх болсноор хилийн цэргийн офицерын бүрэлдэхүүн багассан байжээ. Энэ үед хилийн цэргийн алдартай хурандаа Жалбуу гуай “Чи цаашид хилийн цэргийн офицер болох уу. Нас чинь залуу, бас энэ ажлыг хийх бололцоо, чадвар чамд байна” гэсэн санал тавихад нь зөвшөөрч улмаар цэргийн хүн болох нэг насны амьдрал нь өрнөсөн ажээ.

Төрсөн өдрөөрөө цол нэмэв

Л.Гантөгс дэд хурандаа дөрөвдүгээр сарын 19-нд төржээ. 1997 оны энэ өдөр ангидаа жагсаад зогсч байтал нь ХХЕГ-ын даргын тушаалаар дэслэгч цол олгон, Халх голын ангид томилсон тушаал иржээ. Шинэхэн томилолт өвөртлөөд гэртээ ирэхэд ээж нь “Хөөх, миний хүүгийн мөрөн дээрх хоёр дөрвөлжин болчихож” гэж баярласан гэдэг. “Тухайн үед ахлагч шар мөрдэстэй байсан учир энгийн мөрдэс зүүхээр өнгө нь өөр болсонд ээжид минь их содон харагдсан байх” хэмээн Л.Гантөгс дэд хурандаа дурсан ярьж байлаа. Тэрээр Оросын хилээс Хятадын хил рүү томилогдсон учир улсын хилээр гарч байгаа зорчигч тээврийн хэрэгслийг шалгах үүрэгтэй. Сар гаруй хугацаанд удирдах газрын шалганы хэлтэст ажиллаж туршлага судлаад түүхт Халх голын зүг “Зил-130” машинд ачигдан очжээ. Тэрээр 1999 онд ахлах дэслэгч, 2000 онд хугацаанаасаа өмнө ахмад, 2004 онд хошууч, 2008 онд дэд хурандаа цолоо авсан байна.

Хүнийг гэгээрүүлэхийн тулд өөрөө гэгээрсэн байх ёстой 

Л.Гантөгс дэд хурандаа Сэтгэлзүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны албаны даргаар 14 жил ажиллахдаа бусдад эерэг бодол төрүүлж, сайн сайхан байлгахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэжээ. Хүнийг гэгээрүүлэхийн тулд өөрөө гэгээрсэн байх ёстой. Энэ ажлыг хийхэд хүүхэд байхдаа дуулж, бүжиглэх дуртай, нийгмийн идэвхтэй байсан нь нөлөөлсөн гэнэ. Мөн сургуульд байхдаа 10 бүжиг сурсан нь цэргүүддээ заахад дөхөм байж. Өөрөө биеэр үлгэрлээд ирэхээр цэргүүд нь “Дарга чадаж байхад бид яагаад чаддаггүй юм. Даргаас суралцъя” гэдэг байна. Цэрэг хүн зайлшгүй бие бялдрын хөгжилтэй байхаас гадна сэтгэлийн тэнхээтэй байх учиртай. Хэрэв бие бялдрын хөгжилгүй, сэтгэлийн тэнхээгүй бол тэр хүн хөдөө хилд явж, морь унаж, хээр хонож чадахгүй. Өлсөж, даарахаас эхлээд янз бүрийн бэрхшээлтэй тулгарна. Энэ бүгдийг даван туулах чадвар олгоход Л.Гантөгс даргын үүрэг их.

Офицер хүн цэргүүдээсээ өмнө босч, сүүлд унтдаг. Цэргийн үгийг сонсох, цэрэгт үлгэр жишээ болох ёстой. Энэ бүгдийг эхнээс нь зөв заагаад сургачихвал зөв л явна. Хилийн манаанд гараад өглөө нар мандаж байгааг, нарны тусгалд хилээ хараад тайван байгааг дурандаад зогсох нь хилчин болсны бахархал. Хоёрдугаарт, Монгол Улсын хилийн багана дээр очоод адис авахад лам дээр очоод хийморийн сан тавиулах шиг сэтгэгдэл, мэдрэмж төрдөг хэмээн ажлынхаа онцлогийг тайлбарлаж байсан юм. Түүний баримталдаг гол зарчим нь сэтгэл санаа тааруу байгаа цэргийн өмнөөс аав ээж рүү нь захиа бичдэг гэж байлаа.

Захиандаа “Хүүдээ долоо хоног тутам захиа бичиж байгаарай. Та бүхний урмын үгээр албаа хааж байна шүү” гээд хариу ирэхэд нь өгнө. Ээлжийн амралтаа авахдаа хүртэл хүүгийнх нь бичсэн захидлыг өөрийн гараар аав ээжид нь хүргэж өгөнгөө уулзаж ямар хүмүүжилтэй хүн бэ гэдгийг нь судална. Амралтаа дуусгаад очихдоо ээж аавтай нь хамт авахуулсан зурагаа хүүхдэд нь өгөхөд гундуу байсан цэрэг өөр болж ирдэг ажээ. Мөн хилийн харуул, манаанд хамт гарахдаа юу болж, бүтэхгүй байна гэдгийг нь олж мэдээд түүнийх нь дагуу ажил зохион байгуулна. Цэргийн газар хөгжмийн тоног төхөөрөмж байдаггүй учир олон лаа асааж тойруулаад өөрөө гитар тоглож, дуулж бүжиглэх үе бишгүй байжээ. Энэ албыг удаан хашихаар тухайн хүнийг мэндлэхээс эхлээд харц, ярианы өнгөнөөс нь юу бодож, юу хэлэх гэж байгааг нь мэддэг болчихдог юм байна лээ хэмээн сэтгэлзүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны албаараа бахархаж суусан юм.

Та цэрэгт байхдаа захидлаар хэр харилцдаг байсан бэ гэж асуухад “Захидал сайхан. Утсаар ярих өөр. Суугаад юм бодоод бичихээр сэтгэлийн үг гардаг. Заримдаа ирсэн захиагаа уншаад уйлдаг үе байлаа. Захидлаар харилцах, захидлаар хүнд өөрийгөө ойлгуулах гэдэг чинь том урлаг, авьяас. 2001 онд эхнэр маань сургалтад яваад хоёр сар гаруй болсны дараа нэг захидал ирлээ. Тэгээд хариу бичих гээд суусан болдоггүй. Яваад хоёрхон сар болоход санаж байна гэж бичих юм уу эсвэл хайртай шүү гэх үү. Бичсэн л дээ. Сайн байж байгаарай удахгүй очно оо гэж бичье гэж бодсон юм. Гэтэл бараг л сайн явахыг чинь харна аа гэсэн утгатай юм биччихсэн байна лээ. Сүүлд нь хоёулаа уншаад энэ чинь ерөөсөн юм уу, хараасан юм уу. Бараг сайн суухыг чинь харна аа гэсэн юм бичсэн байна гээд инээлдэж билээ” хэмээн хэрхэн будилж захиа бичиж байсан хөгжилтэй үеэ дурсан ярилаа.

14 жил Сэтгэлзүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны албаны даргын албыг хашиж байгаад Ар тал, хангалтын даргын ажилд томилогдоод гурван сар болж байгаа юм байна. Цэргийн хүн тушаалаар явдаг ч түүний хувьд өөрийнхөө хөрвөх чадварыг сорихоор шийджээ. Учир нь сэтгэл зүйн алба нь нэг чиглэлээр явдаг бол Ар тал хангалтын алба бүх зүйлд оролцдог гэж байв. Тухайлбал, цэргийн гал тогооноос эхлээд цэргийн ариун цэврийн өрөө хүртэлх шатлалд оролцож байдаг бэрх алба гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрч байгаа аж. Гэсэн ч чадахаасаа чадахгүйгээ хүртэл хийхээр сэтгэл шулуудан ажиллаж байна. Дэд хурандаа Л.Гантөгсөөс гавьяа шагналын талаар тодруулахад “Цэргийн хүн, тэнэг хүн хоёр төмрөнд дуртай” гэж хошигнодог. Ер нь миний хийсэн ажлыг үнэлж өгсөн болов уу гэж боддог. Хил хамгаалах байгууллагын бүх шагналыг авсан. “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө”, “Онц хилчин”, “Хилчний алдар” I, II, III зэргийн тэмдэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт” медаль. Мөн ажиллаж, амьдарч байсан ангийнхаа “Хүндэт тэмдэг”, “Тэргүүний заставын дарга”-аар хоёр удаа, 2017 онд тухайн ажиллаж байсан сумынхаа “Тэргүүний төрийн албан хаагч”-аар шалгарсан” гэв. Энэ нь түүнтэй хамтран ажиллаж байсан хамт олны гавьяа гэж бодож явдгаа хэлсэн юм.

Цэргийн хүний гэргий хэзээ ч мэргэжлээрээ ажилладаггүй

Түүний гэргийг Д.Туул гэдэг. Дорнод аймгийн Халх гол сумын харьяат, гурван хүү өсгөж хүмүүжүүлсэн дархан бэр. Биеийн тамирын мэргэжилтэй, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан ч цэргийн хүнийг дагасан эмэгтэй мэргэжлээрээ ажиллахад их хэцүү ажээ. Тухайн ажиллаж байгаа орон нутаг, хил дээр мэргэжлийнхээ дагуу ажиллах боломжгүй учир анх очоод ариун цэврийн зааварлагч, тогооч хийсэн байна. Хилийн цэрэг өөрөө холбоочдоо бэлтгэдэг болохоор 2005 онд цэргийн холбоочин мэргэжил эзэмшсэнээр цэргийн хүн болжээ. Мөн нөхрийгөө дагаж олон газраар явахдаа бичээч, операторчин, хөгжимчин, холбоочин, Тавиулангийн дарга хийж байгаад одоо хөгжмийн даргаар томилогдон ажиллаж байгаа аж.

Том хүү Г.Хүслэн аавынхаа мэргэжлийг өвлөхөөр ХСИС-д түрүүч цолтой суралцаж байгаа бол дунд хүү Г.Энхлэн Улаанбаатарт 96 дугаар сургуулийн XI анги, бага хүү Г.Тэмүүлэн Дорнод аймгийн Баян-Уул сумын дунд сургуулийн VII ангид суралцаж байна. Дунд хүү Г.Тэмүүлэн нь сургуулиа төгсөөд хилийн хүн болохоор шийджээ. Уг нь гурван хүүгээ эмч болгохыг хүссэн ч бүгд аавынхаа мэргэжлийг сонгохоор сэтгэл шулуудсан аж. Л.Гантөгс “Манай гэр бүл дөрвөн газар ажиллаж, амьдарч байна. Ар гэрээ авч яваа, үр хүүхдийг минь зөв хүмүүжүүлж, өсгөж байгаа гэргийгээрээ бахархаж, баярлаж явдаг” гэж байлаа.

20 жилийн ойгоороо хуримын ордонд оржээ

Л.Гантөгс эхнэртээ гэнэтийн бэлэг барих дуртай гэв. Тэрээр “Нэг л амьдрах энэ орчлонд бие биеэ баярлуулж, итгэл хүлээлгэх хэрэгтэй. 2016 онд 20 жилийнхээ ойгоор гэнэтийн бэлэг барьж, хоёр талын цөөхөн ах дүүг урьж хуримын ордонд орж ёслоход эхнэр маань их баярласан. Энэ нь нэгдүгээрт, эхнэрийнхээ мөрөөдлийг биелүүлж хуримын даашинз өмсгөн, албан ёсоор батлуулах, хоёрдугаарт, үр хүүхдэдээ зөв хүмүүжил үлдээх, миний гурван хүү хурим хийж амьдрах ёстой. Гуравдугаарт, садангийн дүү нартаа үлгэр дууриал үзүүлэх. Ийм юм байдаг юм шүү, заавал хуримаа хийгээрэй гэдэг байдлаар хийсэн. Энэ нь миний амьдралдаа хийсэн үлгэр жишээ том ажил гэж боддог” гэсэн юм.

Тэрээр Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн мэндийг  “Зууны мэдээ” сониноор дамжуулан үе үеийн хилчид болон мөрдэс зүүсэн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнд хүргэсэн юм. Цэрэг хүний босоо цагаан хийморь өөдөө байж, Монгол Улсын хил мөнхөд тайван байх болтугай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.3.18 № 55, 56 (6022, 6023)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.