УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарласан билээ.
Уг захирамжийн дагуу өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт боллоо.
Нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болох юм.
Энэ удаагийн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ
Үүнд:
1/ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
2/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
З/ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
4/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
5/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
6/ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;
7/ Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
8/ Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал.
УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийг нийт 61 гишүүн буюу 81.3 хувийн ирцтэйгээр эхлүүллээ. Өнөөдөр чуулганы нээлтэнд С.Жавхлан, Д.Мурат, Г.Солтан, Д.Дамба-Очир, Ж.Мөнхбат, Х.Болорчулуун, М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Ц.Нямдорж, Д.Сумъябазар, Б.Энх-Амгалан нарын 14 гишүүн хуралдаа ирээгүй байна. Яг одоо намын бүлгүүд хуралдаж эхэллээ.