Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилт буюу эмч, сувилагчийн харьцааг 1:2-т хүргэх зорилт үргэлжилж байна. Уг зорилтын хүрээнд хүрээнд зохион байгуулж буй “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх сургалт” –д 2018-2019 оны хичээлийн жилд нийт 276 сувилагч суралцаж төгссөн байдаг.
Тэднээс 212 сувилагч буюу 77% нь ажилд орсон бөгөөд 13% төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, 23% нь нийслэлийн харьяа эмнэлэгүүдэд ажиллаж байна. Үлдсэн хувь нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллага болон хувийн эмнэлгүүдэд ажиллаж байгаа ажээ.
Тэгвэл дээрх сургалтанд дахин шинэ элсэгчдийг хамруулах бөгөөд сургалт ирэх Даваа гариг буюу 2019 оны 03-р сарын 18-нд АШУҮИС-ийн сувилахуйн сургуульд эхлэх юм байна.
ЭМЯ-аас дэвшүүлсэн “1:2” зорилт нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ажиллах сувилагчийн тоог нэмэгдүүлж, 2020 гэхэд эмч, сувилагчийн харьцааг 1:2-т хүргэх зорилтын 50 хувьд хүрэхэд чиглэж байгаа юм.