Шинэ Зеланд нь харьцангуй тайван улс учраас энэ удаагийн зэвсэгт халдлага эрх баригчид, ард иргэдийг ихээхэн цочирдуулаад байна. Гадны өндөр дээд албан тушаалтнууд болон олон улсын удирдагчид, тэр дундаа исламын шашинтай улс орнуудын эрх баригчид Крайстчөрч хотод гарсан халдлагыг хурцаар шүүмжлэн буруутгаад байгаа юм.
Өнөөдрийн халдлага үйлдэгдэх хүртэл Шинэ Зеландын түүхэнд үй олноор хомроголон устгасан хэрэг гарч байгаагүй. 30 орчим жилийн өмнө 1990 онд Дэвид Грэй гэгч энгийн иргэд рүү галлаж 13 хүн амиа алдсан тохиолдол байдаг.
Ерөнхий сайд Жакинда Ардерн мэдэгдэл хийж үндэсний аюулгүй байдлын бодлого сул байгаагаас терроризмын шинж чанартай халдлага үйлдэгдэж, алдаа гаргасан гэж үзсэн байна. Цаашид энэ байдлыг таслан зогсоож дахин ийм хэмжээний террорист халдлага гаргуулахгүй гэсэн юм.
Тус улсад галт зэвсгийн хууль 1983 онд анх удаа батлагдаж, 1993 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Харьцангуй тайван учраас 16 нас хүрсэн иргэн галт зэвсэг ашиглах эрхтэй, галт зэвсэг эзэмшигчид тусгай зөвшөөрөлтэй ч зэвсгээ бүртгүүлэхийг шаарддагүй байна. Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр Шинэ Зеландын 1,2 сая иргэн галт эзэмшдэг гэжээ.
Ийм хэмжээний зэвсэгт халдлага гарч байгаагүйн дээр хүн амины гэмт хэрэг ч маш бага үйлдэгддэг орнуудын нэг юм. Тухайлбал 2017 оны судалгаагаар жилд хамгийн ихдээ 35 удаа хүн амины гэмт хэрэг гарчээ.
Энэ удаагийн халдлагыг маш сайн төлөвлөсөн байсан гэдгийг цагдаагийн газраас мэдэгдлээ. Амиа алдсан 50 орчим хүн болон гэмтэж шархадсан 40 гаруй хохирогчийн дунд бага насны хүүхдүүд байсныг иргэд гэрчилж байна.
Эх сурвалж: www.reuters.com, www.cnn.com