Хятадын Гуандүн мужид 5G технологиор бүрэн тоноглогдсон эмнэлэг баригдахаар болжээ. Тус мужийн Ардын төв эмнэлэг, “Guangdong Mobile”, “Хуавэй” компани гурвын гурвалсан гэрээнд зааснаар анагаах ухааны ухаалаг үйлчилгээний системийг нэвтрүүлсэн Хятадын анхны байгууллага болох уг эмнэлэг энэ жил ашиглалтад орох аж.
Мэдээлэл, харилцааны хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологи болох 5G сүлжээг эмнэлгийн үйлчилгээнд ашиглах нь аливаа дижитал зураг, дүрслэлийн чанарыг сайжруулах, илүү олон өвчтөний мэдээллийг хадгалах, бүх л төрлийн цахим үйлчилгээг түргэсгэх, цаг хугацаа, орон зай хэмнэх гээд олон давуу талтай болохыг мэргэжилтнүүд онцолж байна. “Хуавэй” компанийн техникийн мэргэжилтний хэлснээр эмч нар 5G технологийн тусламжтайгаар яаралтай түргэний тэргэнд яваа өвчтөнийг эмнэлэгт ирэхээс нь өмнө нарийн дурангийн зураг, мэдээлэлтэй нь урьдчилан танилцах боломжтой болох аж. Мөн онош нь тодорхойгүй өвчтөний түүхийг хугацаа алдалгүй бусадтайгаа хуваалцан санал солилцох, алсын зайнаас онош тавих боломж ч нээгдэж байна.
Хятад улс 5G технологийг анагаахын салбарт амжилттай нэвтрүүлж буй цөөхөн орны нэг юм. Тус улсын Хубэй, Сычуань, Жэжянь, Фүжянь зэрэг мужид энэхүү шинэ сүлжээг судалгаа, шинжилгээнд хэдийн өргөн ашиглах болжээ. Өнгөрсөн сарын 21-ний өдөр гэхэд Ухань хотын их сургууль, Хубэй мужийн төв эмнэлэг, Хятадын Харилцаа холбоо компанийн Ухань дахь салбар хороо хамтран Хятадын анхны 5G технологийн ухаалаг эмчилгээний төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан байна.
Эх сурвалж:CCTV.com