Шинэ Зеландын Крайстчөрч хотод байдаг исламын сүмүүдэд зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж 50 орчим хүн амиа алдаад байна. Мөн халдлагын үеэр гэмтэж шархадсан 20 гаруй хүнд эмнэлгийн тусламж үзүүлж байна.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн уг халдлагыг терроризмын шинж чанартай үйлдэл бөгөөд улс оронд тохиосон харанхуй өдрүүдийн нэг болж байна хэмээн эмгэнэл илэрхийлжээ. Террорист халдлагад холбоотой хэмээн сэжиглэж буй нэг эмэгтэй, гурван эрэгтэйг баривчлан саатуулсан байна.
Австрали улсын Ерөнхий сайд Скот Моррисоны хэлснээр баривчлагдсан сэжигтнүүдийн нэг нь Австралийн иргэн байгаа юм. Сэжигтнүүдийн аль нь ч гэмт хэрэг үйлдэж байсан болон террорист халдлага үйлдэж болзошгүй сэжигтнүүдийн жагсаалтад багтаагүй байна.
Крайстчөр хотын сүмүүдэд гарсан халдлага
Эхний халдлага Крайстчөрч хотын Аль Нур исламын сүмд гарсан байна. Чухам зэвсэглэсэн хэдэн этгээд халдлага үйлдсэн болохыг баттай мэдээгүй ч хэргийн газарт байсан гэрчүүд хэвлэл мэдээллийнхэнд халдлагын талаар ярьжээ.
Гэрчүүдийн ярьснаар цусанд хутгалдсан хүмүүс сүмийн гадаа хэвтэж байхыг харсан байна. Сүмийн халдлагаас амьд үлдсэн ч нэрээ нууцалсан гэрч Шинэ Зеландын төв телевизэд буутай эрэгтэй хохирогчийн цээж рүү гал нээж байхыг харсан гэжээ. Халдлага үйлдсэн этгээдүүд сүмийн эрэгтэйчүүдийн залбирлын өрөөнөөс эмэгтэйчүүдийн залбирлын өрөө рүү шилжиж галласан байна.
Мөн нэрээ нууцалсан Палестины иргэн буутай этгээд толгой руугаа буудаж байхыг харсан гэжээ. Буун дуу гарснаас хойш 10 секундын дараа ойр ойрхон буудах чимээ сонсогдсон байна.
Халдлагад өртсөн хоёр дахь сүм Линвүд дүүрэгт байдаг ба сүмийн мөргөлчид гүйж зугтаж байхыг гэрчүүд харжээ. Гэмт этгээдүүд олон төрлийн халдлага төлөвлөсөн байж болзошгүй тул Крайстчөрч хотын бүх сүмүүдийг хааж харуул хамгаалалт гарч аюулгүй байдлыг өндөржүүлээд байна.
Эх сурвалж: www.bbc.com