Израйль-Хамас бүлэглэлийн дайнд 2014 онд цэг тавьснаас хойш анх удаа Тел Авив руу пуужин харвасан тухай Guardian мэдээлжээ. Израйлийн хоёр дахь том хот Тел Авивт пүрэв гарагийн орой пуужингаас сэргийлэх дохио дуугарч оршин суугчдыг хорогдох газарлуу шилжүүлсэн байна.
Газын зурвасаас хоёр удаа пуужин харвасанд Израйлийн талаас Хамас бүлэглэлийг сэрдэж байгаа ч одоогоор аль нэг зэвсэгт бүлэглэл хариуцлага хүлээгээгүй байна.
Исламийн Жихад, Хамас зэрэг зэвсэгт бүлгүүд өнгөрсөн жилүүдэд Израйлийн эсрэг дайралт хийсээр ирсэн. Газаас хөөргөсөн пуужин хотын өмнөд ба хойд хэсэгт унасан байж магадгүй гэж хөрш зэргэлдээ Палестины гэрчүүд ярьжээ.
Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху цэргийн дарга нарыг дуудаж шуурхай хуралдаж байгаа тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан байна.
Газын зурвасаас пуужин харвахаас өмнө Палестинчууд Хамас бүлэглэлийг эсэргүүцэж, жагсаал хийсэн байна. НҮБ-ын 2017 онд мэдээлснээр Хамас бүлэглэл Газад хяналтаа тогтоосноос хойш хоёр сая оршин суугчийн амьдрах нөхцөл дорджээ. Ундны цэвэр ус, эрүүл хүнсний хангамж тасарч эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ бараг үгүй болсон байна.
Эх сурвалж: www. theguardian.com