Цаг уурын өөрчлөлтийн эсрэг хүүхэд, залуусын хөдөлгөөнийг санаачлагч 16 настай Грета Тунбергийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ. Швед улсын жагсагч охин энэ жил шагнал хүртвэл дэлхийн хамгийн залуу Нобелийн энх тайвны шагналтан болох юм.
Охидын боловсролын төлөө дуу хоолойгоо хүргэсэн Пакистаны иргэн Малала Юсуфзай 2014 онд 17 настайдаа хамгийн залууНобелийн энх тайвны шагналтнаар нэрлэгдэж байсан юм. Энэ жилийн 12 дугаар сард шагналтнууд тодорно. 223 хүн, 78 байгууллага 2019 оны Нобелийн шагналд нэр дэвшсэн байна.
Норвегийн шагналын хорооноос “хэрэв бид цаг уурын өөрчлөлтийн эсрэг гар хумхин суувал дайн тулаан, эмх замбараагүй байдал, цагаачлал газар авах учраас энэ бүхний эсрэг тэмцэж буй Грета Тунбергийг нэр дэвшүүлсэн. Энэ охин дэлхийн энх тайванд чухал хувь нэмэр оруулж буйг бид харж байна” гэж мэдэгджээ.
Грета шагналд нэр дэвшсэнийхээ дараа Твиттер хуудсандаа “Нобелийн шагналд нэр дэвшиж байгаадаа баяртай байна. Бид ирээдүйнхээ төлөө хичээлээ хаяж жагсаалд нэгдэж байна. Цаашид ч үүнийг үргэлжлүүлэх болно” хэмээн бичжээ.
Өнөөдөр дэлхийн 100 гаруй орны 1,700 орчим хот, тосгоны сурагчид Грета Тунбергтэй нэгдэн хичээлээ орхиж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг жагсаалд нэгдэж байна. Энэтхэг улс даяар 33, Австралид 55, Филиппин улсад 11 хотод жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн ба Хятад, Өмнөд Солонгос, Тайланд, Индонези, Шри Ланка, Шинэ Зеланд зэрэг улсууд нэгдэхээ мэдэгджээ.
Австралийн Канберра, Мэлбурн, Сидней хотуудад жагсаал өргөн хүрээг хамарч хүүхэд залуучууд хичээлээ орхиж цаг уурын өөрчлөлтийг эсэргүүцэж байна. Тэд
- 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчийг бүрэн ашиглах
- Нүүрс, газрын тос, хийн хэрэглээнээс татгалзах
- Адани уурхайн үйл ажиллагааг зогсоох
гэсэн гурван үндсэн шаардлага тавьж байна. Улс төрчдийг шүүмжлэгч шог зураачид ч мөн Гретагийн жагсаалд нэгдэж цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцлийг дэмжиж зургуудаа олон нийтийн цахим сүлжээнд байршуулжээ.
Эх сурвалж: www.theguardian.com, www.cnn.com