Б.Бямбасүрэн
АТГ-ын 2018 оны тайланд, оффшор бүсэд эд хөрөнгө, данс эзэмшиж буй нийт 20 албан тушаалтан байгааг мэдэгдсэн. Эдгээр 20 албан тушаалтны тоонд УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нар багтсаныг АТГ-ын дэлгэсэн доорх хүснэгтээс харж болно. Гэсэн ч эдгээр гишүүд өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр явна. АТГ-т мэдүүлсэн ХОМ-тээ оффшор бүсэд данстай гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрчхөөд байхад хуулийн байгууллага бүлх залгисан мэт “Шалгаж байна, шалгалтын ажиллагаа явагдаж байна” гэсэн үгээр ам тагласаар. Өнөөдрийн байдлаар манай оффшорчид тус бүсэд 85,933,063 ам.долларыг байршуулсан байгаа бөгөөд үүнээс 74,993,452 ам.доллар нь тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирсэн бол 4.3 сая ам.долларыг бэлнээр нь оруулж ирүүлжээ. Харин оффшор бүсэд хөрөнгөтэй дээрх УИХ-ын дөрвөн гишүүн болон бусад төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө “нуувчинд”-аа байсаар л байна. Оффшорчин С.Баярыг эргэн саная.
Анх 2013 онд УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын оффшор данс олон улсад задарч дуулиан дэгдээснээр оффшорчин улстөрчийн тоо ар араасаа тодорхой болсон. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын илрүүлсэн “Панамын материалууд” дотроос манай нэр бүхий улстөрчдийн охид дэлхийн тэрбумтан, баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгөө эргэлдүүлдэг оффшор бүсэд данстай болох нь ил болсон.
Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баярын дунд охин Б.Бадамханд нь Багамын аралд байрлалтай “Гоулд Уеллен Инк” компанийн нэр дээр дөрвөн ч данстай бол С.Баярын том охин Б.Нандин нэр дээрээ хоёр ч данстай болохыг олон улсад зарласан. Мөн С.Баярын АНУ-д байдаг гэх олон тэрбумын үнэтэй хаусны асуудалд нэр нь дурдагдаж байсан эхнэр нөхөр болох Ч.Давааням, С.Шагдардулам нарыг АТГ-аас шалгаж байгаа. Тухайн үед С.Баяр охидынхоо оффшор дансны талаар тайлбар хийхдээ “Надад оффшор данс байхгүй. Улстөрч хүнд оффшор данс байх ёсгүй” гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийж байв. Гэхдээ түүнийг эсэргүүцэгчид Лондон хотод хүртэл жагсаал зохион байгуулсан удаатай. Энэ тэмцэл Элчин сайдаас огцрох өргөдлөө өгөхөд нь хүргэсэн байж болох ч өнөөдөр тэрбээр АНУ дахь тансаг зэрэглэлийн долоон хаусынхаа нэгэнд нь санаа амар аж төрсөөр л байгаа. Түүний эзэмшлийн долоон хаусын хамгийн хямд нь нэг тэрбум төгрөгийн үнэтэй бөгөөд нийт 24 тэрбумын үнэлгээтэй гэгддэг.
Оффшор бүсэд данстай 65 хүн байв уу
Түүний араас УИХ-ын гишүүн С.Батболдын төрсөн ах С.Бат-Очир, УИХ-ын гишүүн, “Болд төмөр ерөө гол” компанийн захирал Б.Дэлгэрсайхан, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл, Сангийн сайд асан Я.Очирсүх, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга асан Х.Бум-Эрдэнэ, , НИТХ-ын дарга асан, саяхан намаасаа хөөгдсөн Ц.Сандуйн дүү Ц.Сэргэлэн, Кёкүшюзан Д.Батбаяр, “Тэнгри Холдинг”-ийн захирал Х.Анхбаяр нарын нууц данс илэрсэн. Хамгийн сүүлд гэхэд, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас зарласан мэдээллээр, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан М.Зоригт, УИХ-ын гишүүн асан “Молекул” Б.Батбаярын хүү Б.Батхишиг, УИХ-ын гишүүн С.Батболдын хүү Баттүшиг нарын нэр нэмэгдсэн.
УИХ-ын гишүүн Сү.Батболдын тухайд, түүний ах С.Бат-Очир гэх хүн байна. Тэрбээр 2004 онд оффшор бүс дэх компанид 21 сая төгрөгөөр хувьцаа худалдаж авсан ч үйл ажиллагаа нь тодорхойгүй байсан тул жилийн дараа гарсан гэх.
Харин Д.Цогтбаатар гишүүний тухайд Голландад оффшор компанитай “Оюутолгой”-н Австрали талын захирлыг томилох хүртэл Монголын талаас төлөөлөл болж, нэрээ бүртгүүлж байсан гэнэ. Тухайн үедээ 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд уг компаниас гарсан гэж мэдэгдсэн байдаг.
Тэгвэл Монголын оффшорчдоос хамгийн олон дансыг давхардсан нэрээр Ч.Батзориг эзэмшдэг нь одоогоор ил болсон байдаг. Түүнийг "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн төрсөн дүү байж болзошгүй гэх мэдээлэл тарсан юм.
Оффшорт мөнгөтэй бизнесмэнүүд “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэлээр үргэлжилж буй. Харин энэ асуудалд түүний өмгөөлөгч Г.Төгсбаяр мэдэгдэл гаргасан. Тэрбээр “Иргэн Ж.Оюунгэрэл нь “Бату Майнинг” хэмээх Монгол Улсад бүртгэлтэй компанийн 10 мянга орчим ам.долларын үнэ бүхий хувьцааг 2000 оны эхээр худалдаж авсан ч удалгүй бусдад борлуулсан. Иймд одоогийн байдлаар тус компанитай ямар нэгэн байдлаар холбоогүй болно” гэжээ. Ямартай ч Ж.Оюунгэрэл нэгэн цагт оффшорт данстай байсан нь үнэн аж.
Мөн "Eiffel View Universal Holdings" гэх нэрээр бүртгэлтэй Б.Дэлгэрсайханы данс ил болсон юм. Түүнийг “Дорнын говь" ХХК-ийг үүсгэн байгуулсан, бизнесмэн гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэрбээр 1987-1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989-1992 онд ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар тус тус ажиллаж байгаад дээрх компаниа байгуулж байсан юм.
Тэрчлэн НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн дүү Ц.Сэргэлэн нууц ноёнтнуудын эгнээнд багтсан. Ц.Сэргэлэн гэх хүний хувьд Виржиний арлуудад бүртгэлтэй “Joy Key Develoment Limited” компанид 2011 оны нэгдүгээр сарыг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшиж байсан аж.
Харин улстөрч асан хүмүүсээс "Wisdom International Holdings" гэх компанийн нэрээр Сангийн сайд асан Я.Очирсүхийн данс илэрсэн. Тэрбээр 1999-2000 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан нэгэн. 2013 онд түүний оффшор данс ил болоход тэрбээр “Иймэрхүү юм гарч л байдаг, намайг ямар зүгээр байлгах биш дээ. Ардын нам 2000 онд ялж, авлига цэцэглэснээс хойш сайд болж амьдралаа дээшлүүлсэн хүмүүст ард түмэн их атаархдаг болсон. Но-той зүйл бол төрийн өндөр албан тушаал эрхэлж байх үедээ тийм данс нээлгэж их хэмжээний мөнгөн гүйлгээ хийх юм. Миний хувьд төр, түмнээсээ хулгайлсан, идсэн уусан зүйл байхгүй гэдгийг дахин мэдэгдэж байна” хэмээн хэвлэлд ярьж байжээ.
Ийн оффшор бүсэд данстай ба данстай байсан Монголын 49 иргэн байсан бол нэмж 16 оффшорчин нэмэгдсэнээр нийт 65-уулаа болсон. Мөн 17 тэрбум төгрөг татваргүй бүсэд эргэлдэж байсан бол сүүлд хийсэн судалгаагаар тэнд 31 их наяд төгрөг байх магадлалтай гэгдэж байв. Ийнхүү монголын оффшорчид нэмэгдэж тэнд байгаа мөнгө хэдэн арван их наядаар үржигдсээр. Харин хариуцлагын асуудал өнөөдрийг хүртэл бүрхэг хэвээр л.
Амьдралд хэрэгждэггүй Оффшорын тухай хууль
Хэдийгээр Монгол Улс Оффшорын тухай хуулийг баталсан ч олон улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхзүйн орчин бүрдээгүйг хуулийн байгууллагынхан хэлдэг. Түүнчлэн Засгийн газраас оффшор бүсэд байрших улс орнуудын жагсаалтыг баталсан байдаг. Ингэснээр оффшорын хууль ямар улс, нутаг дэвсгэр, аль бүсийг хамаарах вэ гэдэг нь тодорхой болсон. Гэтэл энэ жагсаалтад оффшор бүсэд хамаарах нийт 42 орноос 13-ыг хасч баталсан. Тодруулбал, оффшор бүсэд хамаарах I, II зэргийн улсууд болох Швейцарь, Хонгконг, Люксембург, Лебанон, Макао, Панам, Малайз, Ирланд, Самао, Ботсвана, Куракао, Бруней жагсаалтад ороогүй гэсэн үг. Хамгийн анхаарал татаж байгаа нь Панамын баримт бичгийн улмаас дэлхийн олон улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, манай улсад ч үүний улмаас АТГ, ЦЕГ-т 23 иргэнийг мөрдөн шалгасан. Гэтэл Панам улсыг энэ бүсийн жагсаалтаас хассан нь хачирхалтай үйл явдал болсон.
Ерөнхийлөгчийн сануулга юу болов
Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчдод 2017 оны долдугаар сард 49 хоногийн хугацаатай сануулга өгч байсан. Тэрбээр заасан хугацаанд мөнгөн хөрөнгөө Монгол Улсад эргүүлэн татвал өршөөл үзүүлнэ, татахгүй бол хуулийн дагуу хатуу хариуцлага ногдуулна гэж том дуугарч байсан. Гэвч энэ хугацаанд нэг ч хүн мөнгөн хөрөнгөө эргүүлэн татаагүй төдийгүй оффшорчдын хэрэг юу болж, яаж шийдэгдсэн үүл мэт замхарсан. Тиймээс Ерөнхийлөгч маань эхлүүлсэн ажлаа дуусгаж, ард түмэндээ тайлан тавих шаардлагатай байна.
Манай улс оффшортой тэмцээд бүхэл бүтэн зургаан жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд Оффшорын тухай хууль хүртэл баталлаа. Гэсэн ч оффшор данстны тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, хүрээгээ тэлсээр л байна. Оффшорын эсрэг хууль гарна, тэр нь чцоорхойтой, оффшор бүсийн байршлыг батална, гол байршлыг хасна. Би оффшортой гээд хариуцлагаа хүлээгээд хөрөнгөө татчих эх оронч нэгэн ч алга. Сүүлдээ бүр оффшор бүс ашигтай, бизнесийнхэнд бол байж болох асуудал гэсэн цуурай хаа нэгтэйгээс сонсогдож эхлэв. Оффшор буюу “эргээс гадна” гэсэн утгатай энэ үг эхэндээ гэмт хэрэг мэтээр ойлгогдож байсан бол одоо байдаг л зүйл болтлоо хэвийлээ. Ийнхүү Монголын төр оффшорчдод хариуцлага тооцож чадахгүй явсаар үлгэрийн далай болж төгсөх нь.