Америк, Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт өнгөрсөн сард Вьетнамын нийслэл Ханой хотод болж өнгөрсөн. Дээд хэмжээний уулзалтаас долоо хоногийн өмнө Испани дахь Умард Солонгос улсын элчин сайдын яам руу үл таних арван этгээд халдсан хэрэг гарсан юм.
Бүлэг этгээд Элчин сайдын яаманд байсан найман хүнийг зодож, эрүүдэн шүүсэн гэх мэдээллийг BBC агентлаг өгсөн юм. Эдгээр хүмүүс чухам хэн байв? Элчин сайдын яамнаас юу хайв? Сүүлийн үеийн мэдээгээр уг хэрэгт АНУ-ын тагнуулын алба холбогдсон гэх цуу сонсогдох болжээ.
Хэрэв энэ үнэн бол хагас зуун гарны турш дайсагнасан харилцаатай байж байгаад харилцаагаа сайжруулахын тулд хүчин чармайлт гаргаж буй хоёр улсын хичээл зүтгэлийг бүрмөсөн “дуусгаж” ч болох. Мадрид дахь Умард Солонгосын элчин сайдын яаманд яг юу болсныг дэс дарааллаар нь хөөвөл...
Испанийн хэвлэл мэдээллийн агентлагийн дамжуулснаар хоёрдугаар сарын 22-ны өдөр 10 этгээд Умард Солонгосын элчин сайдын яам руу дайран оржээ. Элчин сайдын яам Мадрид хотын төвөөс баруун хойд зүгт байрладаг аж. Бүлэг этгээдүүд яамны ажилтнуудын амыг таглаж, хүлж баглан албан өрөөнд нь байсан компьютеруудыг авч явсан гэж El Confidencial испани хэл дээрх хэвлэлд нийтэлжээ.
Яаманд ажилладаг нэг эмэгтэй зугтаж барилгын хоёр давхрын цонхоор тусламж дуудаж хашгирсан байна. Энэ байдлыг харж санаа нь зовсон хөршүүд нэн даруй цагдаа дууджээ. Цагдаагийн ажилтнуудыг ирэхэд ази царайтай эрэгтэй хаалган дээрээс угтаж Элчин сайдын яамны ажилтнууд сайн байгаа, юу ч болоогүй тул санаа зоволтгүй гэж хэлсэн байна. Үүнээс хэдэн минутын дараа хаалга тайлсан эрэгтэй бүлэг этгээдийн хамт дипломат албаны хоёр машинаар хар хурдаараа зугтжээ.
Барилга дотроос цагдаа нар найман хүнийг толгойд нь уут углаж, хүлсэн байхыг олсон байна. Тэдний хоёрт нь эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай байжээ.
Хачирхалтай нь уг халдлагын үеэр мэдээлэл цуглуулсан шинж тэмдэг харагдаж байгаа аж. Ким Жон Ун, Дональд Трамп нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын өмнөхөн болсон уг халдлагыг хэн, яах гэж зохион байгуулав...
Эрх баригчид уг дайралтыг гэмт хэргийн бүлгэмүүд зохион байгуулсан гэж үзэхгүй байгаа. Мөрдөн шалгах ажлыг ойроос хянаж буй эх сурвалжийн үзэж байгаагаар ажиллагааг маш нарийн төлөвлөсөн ба цэргийн зохион байгуулалттай байсан гэжээ. Бүлэг этгээд гар утас, комьпютеруудыг авч явж мэдээлэл цуглуулсан. El País, El Confidencial хэвлэлүүдийн мэдээлснээр Испани улсын эрх баригчид энэ хэрэгт АНУ-ын тагнуулын алба болон холбоотнуудыг нь сэжиглэж байна.
Элчин сайдын яаманд байсан ажилтнууд үл таних этгээдүүд солонгос хэлээр ярьж байсан гэжээ. Мөн яам руу дайрсан арван хүний хоёр нь АНУ-ын Тагнуулын төв газартай холбоотой гэдгийг олж тогтоосон гэв. Харин Америкийн Тагнуулын төв газар энэ талаар BBC-д хариулт өгөхөөс татгалзжээ.
Зарим эх сурвалж бүлэг этгээд Умард Солонгосоос Испанид сууж байсан элчин сайд Ким Хёк Чолын талаар мэдээлэл хайсан хэмээн сэрдэж байна. Тэрээр 2017 оны есдүгээр сард Умард Солонгос улс цөмийн туршилт хийсний дараа Испаниас хөөгджээ. Ким Хёк Чол нь Умард Солонгос, Америкийн яриа хэлэлцээрт голлох төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж, Вьетнам дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад тусалсан юм. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард Ким Жон Уны баруун гар Ким Ён Чолтой хамт Вашингтонд зочилжээ.
Испанийн Засгийн газрын мөрдөгчид уг хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна. Хэрэв Америкийн тагнуулын алба хэрэгт холбоотой нь батлагдвал олон улсын тавцанд, тэр дундаа Америк-Умард Солонгосын эмзэг харилцааг дахин сэдрээх нь гарцаагүй.
Эх сурвалж: www.bbc.com