Нийслэлийн Засаг даргын 2008 оны А/191 тоот захирамжийн хүрээнд жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл замын хөлдөлт, гэсэлтийн үед том оврын болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг тээврийн хэрэгслийн бүх жингээс хамааруулан түр хугацаагаар хязгаарладаг.
Үүний дагуу Хан-Уул дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, нөөц ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудын хүнд даацын автомашиныг энэ сарын 11-нээс ирэх тавдугаар сарын 1-н хүртэл авто болон шороон замаар тээвэрлэлт хийхийг хоригложээ.
Хан-Уул дүүргийн хувьд 13 дугаар хороо буюу Туул тосгонд шинэ авто зам тавьсан ч замын гэсэлтийн үед хүнд даацын автомашин явснаар авто замд эвдрэл үүсэх, доошоо суулт өгөх тул хүнд даацын автомашинуудыг зорчуулахгүй байх тал дээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар болсон байна.
Энэ хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны автомашинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай шаардагдах бичиг баримтын дагуу Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцож болно. Хэрэв зохих зөвшөөрөлгүй замын хөдөлгөөнд оролцвол Монгол Улсын Захиргааны Хариуцлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ тооцно.