Монгол улсын татварын үлэмж хэсгийг бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэр болон Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд орших “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр, Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Шижир алт” ХХК, “Зэрэгцээ” алтны үйлдвэрүүдийн лицензийг эзэмшигч Монголросцветмет нэгдлийн 49 хувьцаануудыг эзэмшдэг Д.Эрдэнэбилэг нар бууж өгөхөд тун ойрхон байгаа бололтой.
Тэдний ойр, ойрхон яаран сандран, нэг нэгнээ үгүйсгэн хийж буй мэдэгдлүүд ийн дүгнэхэд хүргэж байна.
Тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболд “Энэ наймааны тухай огт мэдээгүй” гэж мэдэгдсэн бол “Засгийн газар худалдан авахаас татгалзаж байна” хэмээн эх орноосоо “урвасан” Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагааг тухайн Төрийн гурван өндөрлөг, Ерөнхий сайдаас бусад нь мэдээгүй байсан гэдэгт би итгэхгүй” гэж хэллээ. Хэн үнэн ярьсныг цаг хугацаа харуулах биз.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэтийн 49 хувийг зөвхөн “Монголын зэс”-т өгөх нөхцөлтэйгээр орж ирсэн” гэж ярьсан бол, сайд асан Д.Эрдэнэбат “400 сая долларыг 12 хоногийн дотор босгох нөхцөлтэйгээр орж ирсэн учир Засгийн газар татгалзсан” гэж мэдэгдлээ. Хэн үнэн ярьж, хэн худал ярьсан нь мөн л цаг хугацааны явцад батлагдана.
Мөн ЭЦА-ны мэдүүлэг авах үеэр “Монголын зэс корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “Хэрэв Эрдэнэтийн 49 хувийг Монголын төр хүч түрэмгийлэн авбал энэ хувь буцаад Орос руу явна” гэж удаа дараа мэдэгдсэн.
Ингээд төд удалгүй М.Мөнхбаатар Загсийн газрыг хэлцэлд орохыг урьсан ба дараа нь тус наймаанд “санхүүгийн зөвлөх”-өөр ажилласан гэх ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг өөрийн гарын үсгийг зурж баталгаажуулсан албан бичгээ Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхэд хаяглаж, энэхүү хэлцэлд манайхыг оруулж өгөөч хэмээн “гуйлаа”.
М.Мөнхбаатарын албан хүсэлт болон үүнийг баталгаажуулсан Д.Эрдэнэбилэгийн албан бичиг бол шулуухан хэлэхэд тэд аргагүйдэн, хэлцэлд орж, асуудлыг эвтэй найртайгаар шийдье хэмээн дипломат аргаар гуйж буй гуйлт юм. Тэд цагаан тугаа өргөхөд ойрхон байгаа бололтой.
Учир нь тэдний “Төр 49 хувийг хүчээр булааж авбал Орос руу буцна” гэсэн үгэнд Засгийн газар итгэшгүй гэдэгтээ эвлэрсэн бололтой. Тэд энэхүү наймааг удирдан зохион байгуулсан гол эзнийг хүчээр ил гарахаас өмнө асуудлыг эв зүйгээр шийдэх тактикт шилжив бололтой.
Тэд бүтэн нойртой хонож чадахгүй байгаа нь хэнд ч ойлгомжтой.
Учир нь Эрдэнэт 100 хувь төрийн мэдэлд байгаа. Хэдийгээр тэд хуйвалдан, 49 хувийг Монголд авчирсан боловч, гурван шатны шүүхээр (Эрдэнэтийн 49-ийнхөн шүүхэд нөлөөтэй нь батлагдсаар байгаа.Сур) үүнийгээ баталгаажуулсан боловч, Засгийн газар Бүртгэл дээр гацаагаад буй. Сингапур руу хувиа гаргах гэсэн үйлдлийг нь ч тас цохьсон.
Хэрэв Засгийн газар хэлцэл хийхгүй, хэлцэлд ХХБ-ыг оруулахгүй гэвэл тэд яах вэ? Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болох уу.