Нигерийн Лагос хотод сургуулийн барилга нурж багадаа 10 сурагч амиа алдсан тухай мэдээлжээ. Амиа алдсан сурагчдаас гадна олон тооны хүн нурангид дарагдсан байж магадгүй гэж үзэж байна.
Лагос хотын Ита Фажи дүүрэгт байрладаг дөрвөн давхар барилгын дээд давхарт 100 гаруй сурагчтай сургууль үйл ажиллагаа явуулдаг байжээ. Барилга нурсны дараа 40 орчим сурагчийг эсэн мэнд аварч чаджээ.
Хотын барилга байгууламж хариуцдаг газраас уг барилгыг нурах аюултай барилгын жагсаалтад оруулсан байжээ. Нурангиас иргэдийг аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Барилгад байсан хүмүүсийн ар гэрийнхэн аврагчдад тусалж хайртай хүнээ олно гэсэн итгэл өвөрлөж байна. Барилгын доод давхрын орон сууцад айлууд амьдарч байжээ.
Лагос хотод 2014 онд зургаан давхар барилга нурж 116 хүн амиа алдаж байсан тохиолдол бий. Мөн 2016 онд Нигерийн Уйо хотод сүмийн дээвэр нурж 100 гаруй хүн нас баржээ.
Тус улсын Ерөнхийлөгч Мухаммаду Бухари хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com