Д.Мягмардорж
Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эцэг гэгддэг нэрт эдийн засагч Мэн Шиаосү МУИСийн дугуй зааланд “Хятадын хөгжил цэцэглэлтийг хөдөлгөгч өөрчлөлт шинэчлэл” сэдвээр нээлттэй илтгэл тавилаа. Урд хөршийн 220 гаруй хотод 430 гаруй үл хөдлөх хөрөнгийн төслийг удирдан амжилттай хэрэгжүүлсэн тэрбээр одоо Хятадын үл хөдлөх хөрөнгийн корпорац болон “Хуйли” сангийн удирдах зөвлөлийн дарга, Хятадын үйлдвэр худалдаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх дэд дарга зэрэг нөлөө бүхий албан тушаалыг давхар хашдаг байна. Түүний БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчиантай Бээжингийн их сургуулийн нэг ангид суралцаж байсан үеэ дурсан эхлүүлсэн илтгэлийг тоймлон хүргэе.
Бид оюутны байгууллагуудад хамтран ажилладаг, нийгмийн идэвхтэй оюутнууд байлаа. Бид “Хэрхэн улс орноо хөгжүүлэх вэ” гэдэгт уриалга гаргаж, энэ чиглэлээр байнга санал солилцдог байсан. Биднийг их сургуулийн ширээний ард байхад БНХАУ өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг Дэн Шиаопин тэргүүтэй лидерүүд удирдан зохион байгуулж байсан. Түүнчлэн бид хамтдаа 1988-1990 онд магистрын зэрэг хамгаалсан. Тухайн үед Ли Көчиан Ерөнхий сайд “Хөдөө орон нутаг, хотжилтыг хослуулан хөгжүүлэх бүтцийн өөрчлөлт” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж байсан бол би “Зах зээлийн эдийн засгийг хурдацтай хөгжүүлэх” сэдвээр магистрын төгсөх өгүүллээ бичсэн байдаг. Тэр өгүүлэл тухайн үедээ үзэл суртлын бай болон ихээхэн шүүмжлэл дагуулж байлаа. Цаг хугацаа өнгөрч, Дэн Шиаопин дарга социалист нийгэм, зах зээлийн нийгэм хоёрыг хослуулан хөгжүүлж болно гэдгийг зарласнаар миний өгүүлэл бодит амьдрал дээр биеллээ олсон юм. Хятадын ДНБ 1978 онд 245 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан. Харин одоо 13 их наяд ам.долларт хүрсэн байна. Энэхүү амжилтын үндэс нь Хятад улс өөрчлөлт шинэчлэлтээс ухралгүй, эдийн засгийн асуудлыг тэргүүнд тавьсан төрийн бодлоготой шууд холбоотой.
"ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭЦЭГ"
БНХАУ үл хөдлөх салбарын өөрчлөлт шинэчлэлийн ажил нь гадаадаас суралцахаас эхэлсэн. Хятадад эдийн засаг 1996 оны үед сайжирч иргэдийн худалдан авах чадвар дээшлэн унадаг дугуй, цахилгаан барааг ихээр худалдан авч байсан. Энэ худалдан авалт хангалтгүй санагдаж, иргэд цаашлаад үл хөдлөх хөрөнгө, машин зэргийг худалдан авах хэрэгтэй гэж бодоход хүргэсэн. Би 1997 оны арванхоёрдугаар сард “Америк мөрөөдлийг хятад мөрөөдөл болгох” гэсэн үзэл бодлоо илэрхийлсэн. Тэгсний эцэст дөрвөн яамны хамтарсан орон сууцны бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулж, намайг ахлахаар нь тавьсан юм. 1998 онд хотын иргэд орон сууцаа өмчлөх эрхтэй болсон. Уг ажил тасралтгүй үргэлжилж 2016 он гэхэд хотын иргэдийг орон сууцжуулах ажил эрчимтэй хөгжиж иргэн тус бүр дунджаар 36.6 ам.метр орон сууцанд амьдарч байв. Айл өрхүүдийн орон сууцны дундаж талбайн хэмжээ 100 ам.метрт хүрсэн байна. Түүнчлэн Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сүүлийн 20 жилийн дотор гэхэд 40 дахин өсч, үүний нөлөөгөөр нийт эдийн засаг 10 дахин өссөн байдаг.
Үл хөдлөхийн салбар нь өөрөөсөө гадна 100 гаруй салбаруудын хөгжлийг дуудсан. Үүнд гангийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл гэх мэт олон салбарт үүдийг нь нээсэн. Энэ бүх амжилт нь улс орны эдийн засгийн урт хугацааны тогтвортой бодлоготой шууд холбоотой. Хятадад орон сууцны үнэ 30 жилийн хугацаанд жилд дунджаар 10.5 хувь өссөн. Миний харж буйгаар орон сууцны ханш цаашид ч тогтвортой өснө. Үнийн өсөлтөд нөлөөлөх гол зүйл бол мөнгөний нийлүүлэлт. Хятад улс мөнгөний нийлүүлэлтийг ухаалгаар удирдаж, ДНБ-ий өсөлтийг хоёр дахин их байлгах бодлого хэрэгжүүлж байгаа. Монгол Улс бол Хятад Улстай адилхан хөгжиж буй орны нэг тул мөнгөний бодлогоо маш зөв тодорхойлох ёстой. Анх иргэдийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлж эхлэх үедээ багш нарт зориулсан хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдсан нь зөв зүйл байсан. Тухайн үед орон сууцны нэг ам.метр талбайг 1900 юань буюу 300 ам.доллараар тооцон 2000 гаруй багшид орон сууц хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн. Тэгвэл одоо орон сууцны нэг ам.метрийн ханш 12 мянган юань болж өссөн байна. Хэдийгээр зах зээл дээр орон сууцны үнэ өсөж байгаа ч бид бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах асуудлыг орхигдуулаагүй.
Ингэхдээ дараах дөрвөн бодлогыг хэрэгжүүлсэн. Эхний хоёр арга хэмжээ нь бага болон дунд орлоготой иргэдэд зориулсан түрээсийн орон сууцыг төрийн бодлогоор бий болгосон явдал. Гуравдугаарт, орон сууц нь иргэд, засгийн газар хоорондын дундын өмч бодлого хэрэгжүүлсэн. Уг бодлогыг хэрэгжүүлж, иргэд зах зээлээс хямд үнээр орон сууц эзэмшсэнээр газрын үнэ, орон сууцны үнэ дагаж хямдарсан. Эцэст нь ахмад настнуудад зориулан орон сууцаа даатгалын компаниудад барьцаалан тэтгэмж авах механизмыг амжилттай нэвтрүүлсэн. Ахмад настнууд орон сууцаа даатгалын компаниудад барьцаанд тавиад сар тутам тодорхой хэмжээний тэтгэлэг авдаг тогтолцоог анх АНУ-д хэрэгжүүлсэн байдаг. Тухайн үед АНУ-ын Засгийн газар 600 гаруй мянган ахмад настны дунд энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр зорилтод бүлэгтээ их үр өгөөж хүртээж чадсан.
Хятад Улс АНУ-ын туршлагаас санаа авч, үл хөдлөх хөрөнгөтэй мөртлөө хүссэн хэрэглээгээ хангах бэлэн мөнгө багатай ахмад настнуудад хандаж энэ хөтөлбөрийн хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд ахмад настнууд орон сууцаа барьцаалаад их хэмжээний мөнгөөр ахуйн хэрэглээгээ хангах нөхцөл бүрдсэн. Харин тухайн хүн насан эцэслэсний дараа өмчийг нь зах зээлийн ханшаар борлуулна. Ингэхдээ эхний ээлжид хуулийн дагуу өв залгамжлах эрхтэй ойр дотны хүнд нь санал болгоно. Хэрэв үр хүүхэд, асран хамгаалагчид нь татгалзвал, зах зээлийн ханшаар борлуулна. Үүнээс даатгалын компани тэтгэмж болгон зээлээр олгосон мөнгөө, зардлынхаа хамт гаргаж авдаг. Үлдсэн хэсгийг хууль ёсны өв залгамжлагчид шилжүүлнэ. БНХАУ-ын хувьд энэ бодлого үр дүнгээ өгсөн. Учир нь БНХАУ-д аж төрж буй ахмад настнуудын 10 хувь нь үр хүүхэдгүй байдаг. Энэ бол хүнийг эрүүл саруул амьдарч буй хугацаандаа хангалуун хэрэглээтэй байх боломжийг олгосон гэсэн үг. Энд “Ахмад настан үл хөдлөх хөрөнгөө даатгалын компанид барьцаалсныхаа төлөө хэдэн төгрөгийн тэтгэмж авах боломжтой вэ” гэдэг асуулт гарч болох юм. Ахмад настны тэтгэвэр 1000 ам.доллар байг гэж бодоход, үүнийхээ 1.5 дахин буюу 1500 ам.долларыг даатгалын компаниас авах боломжтой. Ингэснээр сард амьжиргаандаа зарцуулах мөнгөн дүн нь 2500 ам.доллар болж байна. Хэрэв Монголын даатгалын компаниуд энэ асуудлаар нарийн ойлголт авахыг хүсвэл хамтран ажиллахад таатай байх болно. Монголын одоогийн нөхцөл байдалтай адил БНХАУ-ын зарим орон нутагт олон тооны орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл үүсч байсан. Энэ бол тодорхой хугацааны дараа аяндаа шийдвэрлэгдчих асуудал. Үүнийг шийдвэрлэх нэг гарц нь түрээслэх байж болох юм. Гэхдээ тодорхой хариулт өгөхийн тулд судалгаа хийх шаардлагатай.
ХЯТАДЫН 1.5 ТЭРБУМ ХҮН ЗАРИМ ХЭРЭГЦЭЭГЭЭ ИМПОРТООР ХАНГАХЫГ ХҮСЧ БАЙГАА АНУ 2018 ОНЫ ДОЛДУГААР
АНУ 2018 оны долдугаар сараас Хятадын бараа бүтээгдэхүүнд гаалийн өндөр татвар ногдуулж эхэлснээр худалдааны дайн эхлэл тавигдсан. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын зүгээс тавьсан худалдааг тэнцвэртэй байлгах, юанийн ханшийн сулрал, төрийн өмчийн компаниудад өөрчлөлт хийх зэрэг саналууд Хятадын төрийн бодлоготой нийцэж байгаа. Эдгээр нь Хятадын эдийн засагт тулгараад буй том асуудлууд. Харин Хятадын зүгээс импортоо нэмэгдүүлэх амлалт өгсөн. Хятадын 1.5 тэрбум хүн зарим хэрэгцээгээ импортоор хангахыг хүсч байгаа. Бид Америкаас үхрийн мах, буурцаг гэх мэт хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн импортолдог. Эргүүлээд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн экспортолдог. Энэ нь Хятад Улс зах зээлээ тэлэх төрийн бодлого барих шаардлагатайг анхааруулж байна.
Мөн миний хувьд юанийн ханшийн өсөлтийг дэмждэг. Хятадын төр 2006 оноос эхлэн юанийн ханшийн өсөлтийг дэмжих бодлого авч хэрэгжүүлснээр эдийн засагт маш өндөр өгөөж өгсөн. Одоогийн байдлаар дэлхийн нийт ДНБ-ий 17 хувийг БНХАУ бүрдүүлж байгаа бол АНУ-ынх 25 хувьтай байна. Энэ зөрүү юань болон ам.долларын ханшийн зөрүүгээр илэрхийлэгддэг. Юанийн ханш чангарснаар энэ зөрүү багасах боломжтой. Тиймээс юанийн ханш чангарах нь буурахаасаа илүү ашигтай гэж үзэж байна. Хятадын эдийн засагт одоо бүтцийн шинэчлэлийн үйл явц өрнөж байгаа бөгөөд ирээдүйд өсөлтөө тогтвортой хэмжээнд хадгалж чадна. Өргөн, нарийн царигийн асуудлыг Шийдвэрлэж, БНХАУ-Казахстан-ОХУ чиглэлийн Төмөр зам Коридор байгуулагдаж байна БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 онд “Нэг бүс нэг зам” уриалгыг санаачлан зарласан.
Энэ бодлогын гол зорилго нь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байдал буюу бүс нутгаараа хамтдаа хөгжих юм. Жишээ дурдахад, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев нар хамтран төмөр замын төсөл хэрэгжүүлэхэд ахиц гаргасан. Та бүхний мэдэж буйгаар Казахстан улс өргөн цариг буюу 1520 ммийн төмөр замтай. Гэвч Хятад Улс болон Европын холбоо 1435 мм-ийн нарийн цариг ашигладаг. Энэ нь олон улсын худалдаа, төмөр замын тээвэрт тээг садаа болж байгаа. Хятадын инженерүүд дөрвөн замтай байх саналыг дэвшүүлснээр шинээр зам тавилгүйгээр энэ хүндрэлийг шийдвэрлэж чадсан. Энэ нь дөрвөн зам дээр хоёр өөр стандартын галт тэрэг зэрэг явах боломжийг бүрдүүлж өгсөн. Ингэснээр эдийн засгийн хувьд өндөр хэмнэлт гаргаж, шинээр төмөр зам байгуулах зардлыг 80 хувиар бууруулах тооцоо гарсан.
Энэхүү төмөр замын төслийг Казахстаны Ерөнхийлөгч санаачилж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэмжсэн бөгөөд өнгөрсөн оны ШХАБын уулзалт дээр зөвшөөрсөн. Санхүүжилтийг нь манай “Хуйли” сангаас шийдвэрлэж байгаа. БНХАУ-Казахстан-ОХУ чиглэлийн төмөр зам байгуулагдсанаар ачаа тээвэрлэх цаг хугацааг 15 хоногоос хоёр болгон богиносгох болно.
Мөн “Нэг бүс-Нэг зам” бодлогын дагуу өнгөрсөн онд Филиппин Улсад найман сая тоннын хүчин чадалтай ган хайлуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Филиппинын Ерөнхийлөгч “Гангийн үйлдвэрлэлийн мөрөөдөл” гэдэг төсөл санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Тэдний эцсийн зорилт жилд 14 сая тонн ган хайлуулах явдал. Гангийн үйлдвэрлэл байгуулах ажлыг Монгол Улсад ч гэсэн хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд БНХАУ-д айлчлах үеэрээ “Монгол, Хятадын харилцаа бол Монгол Улсын гадаад бодлогын тэргүүн эгнээнд авч үзэх харилцаа юм” гэж тодорхойлж байсан. БНХАУын дарга Ши Жиньпин ч 2014 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ “Бидэнд хятад мөрөөдөл бий. Монгол Улсад ч гэсэн монгол мөрөөдөл гэж байгаа” гэдгийг тодотгосон. Би бол бизнесмен. Мөн үл хөдлөхийн салбарт багагүй туршлага хуримтлуулсны хувьд та бүхэнтэй хот байгуулалт, бүсчилсэн хөгжлийн чиглэлээр санал бодлоо хуваалцахад бэлэн байна. Би Монголын эдийн засгийн талаар товчхон судалгаа хийж үзсэн. Монгол Улсын давуу тал болох нэг онцлог бол валютын хязгаарлалтгүй. Энэхүү давуу талаа ашиглаад олон улсын банк санхүүгийн төв болон хөгжих боломж харагддаг. Газар доорх их баялаг гэхээсээ илүүтэй газар дээрх баялгаа ашиглах хэрэгтэй. Ингэснээр хурдацтай хөгжих боломж бүрэн дүүрэн харагдаж байна.