Дэлхий дээр 2,3 тэрбум хэрэглэгчтэй Facebook цахим хуудас бүх цаг үеийн түүхэндээ ийм хэмжээний алдаа гаргаж байгаагүй гэж эх сурвалжууд бичиж байна. Лхагва гарагаас эхлээд дэлхий даяар хэрэглэгчид Facebook хуудсаа ашиглаж чадахгүй байна гэсэн гомдол ирүүлж байгаа юм.
Хамгийн сүүлд 2008 онд уг цахим хуудасны серверт алдаа зааж хэрэглэгчдийн ундууцлыг төрүүлж байсан. Тухайн үед Facebook-ыг 150 сая хүн сар бүр тогтмол хэрэглэдэг байжээ.
Хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг Messenger, Instagram, WhatsApp хуудас ч мөн алдаа зааж эхэлжээ. Одоогоор алдаа, гэмтлийн шалтгааныг хараахан олон нийтэд зарлаагүй байна.
Facebook-ын зүгээс “манай хэрэглэгчид цахим хаягаа ашиглаж чадахгүй байна гэсэн гомдол ирүүлсэн. Бид аль болох түргэн хугацаанд бэрхшээлийг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэж мэдэгджээ. Ийм төрлийн алдаа DDoS халдлагаас үүдэлтэй байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ч компанийн зүгээс үүнтэй огт холбогдолгүй гэсэн юм.
Өнгөрсөн шөнөөс эхлэн Facebook хуудас нээгдэхгүй уншиж байна гэсэн дохио гарч ирж эхэлсэн ба зарим хэрэглэгчид ямар нэг пост оруулах боломжгүй болжээ. Харин Instagram-д орсон мэдээллүүд шинэчлэгдэхгүй, шинээр пост орохгүй байгаа юм. Мөн суурин компьютер дээр Facebook-ын чат мессенжер ажиллахгүй байгаа ч гар утаснаас ажиллаж байгаа аж. Мессенжрээс гадна WhatsApp-ын чатад ч мөн асуудал гарсан гэж компанийн зүгээс мэдэгдлээ.
Хэдийн дэлхийн нийтийг хамарсан харилцаа холбооны чухал хэрэгсэл болсон Facebook саатсанаар байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, бизнест хүндрэл учруулж байна гэжээ.
Facebook саатаж эхэлсэн тухай Twitter-ийн хэрэглэгчид хаштаг эхлүүлсэн байна. #FacebookDown, #InstagramDown гэсэн хаштаг 150,000 гаруй удаа ашиглагджээ.
Эх сурвалж: www.bbc.com