Төсвийн шинжээч Б.Даажамба: Эрдэнэс тавантолгой IPO гаргахын өмнө бүрэн дүүрэн үнэлгээний ажил хийгдэх ёстой
“Эрдэнэс таван толгой” компанийн цэвэр ашиг 2018 оны 8-р сарын 8-ны байдлаар 483 тэрбум төгрөгт хүрээд байна. Улмаар оны сүүл гэхэд IPO хийнэ гэдгээ удирдлагууд нь мэдэгдлээ. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт болоод, иргэдэд Эрдэнэс таван толгой компанийн хувьцаа тараах, Таван толгойн ордод IPO босгох тухай асуудлуудаар Эдийн засагч Б.Даажамбын санаа бодлыг сонслоо.
-“Coal Mongolia”, “Discover Mongolia” чуулгануудад та оролцсон байх. Экспортын 80 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ салбарт тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Монгол улс жижигхэн эдийн засагтай. Эдийн засагч хүний хувьд би эхний ээлжид бид хэд хэдэн томоохон төслүүд дээрх зангилаануудаа нэг тийш нь болгож, шийдэх ёстой гэж үздэг. Тэгж байж эдийн засгаа тэлнэ гэсэн байр суурьтай байгаа. Учир нь тэрхүү зангилаануудыг тайлахгүйгээр бид дараагийн төслүүд рүү орох гадны хөрөнгө оруулагчдын сонирхолыг татах боломжгүй. Ганц уул уурхайн салбарт ч гэлтгүй бусад салбаруудад ч мөн адил.
Гадны хөрөнгө оруулагчид олон жил ярьсан Оюутолгойн гэрээтэй холбоотой маргаантай асуудал шийдэгдсэн үү? Таван толгой гэж том төсөл яриад байдаг ч энэ нь шийдлээ олсон уу? Энэ төсөл хэрэгжих үү? гэдгийг илүүтэй сонирхож байгаа. Тэд Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа ч дээрх асуудлуудаас болоод бүрэн дүүрэн итгэлгүй, өнөөг хүртэл эргэлзсээр байгааг бид харж байна. Аливаа улсад хөрөнгө оруулахын тулд хөрөнгө оруулалтын өмнөх түүхүүдийг хардаг. Гэтэл барууны томоохон сан Монголд тодорхой төсөл хэрэгжүүлэхээр шийдлээ гэхэд өмнө нь томоохон хөрөнгө оруулагч нар Монголд хэрхэн яаж амжилттай ажилласан бэ гэдгийг л анхаарна. Тухайн улсын хууль тогтоомж хэр зэрэг таатай вэ, ойлгомжтой тодорхой байна уу гэдэг нь дараагийн асуудал. Гэтэл манайд одоогоор томоохон хэмжээний хөрөнгө оруулаад, амжилттай түүх үүсгэсэн тохиолдолд нэг ч алга. Тиймээс хөрөнгө оруулагчид эргэлзсээр байна. Оюутолгой бол өнөөдөртөө бусад хөрөнгө оруулагч нарт амжилттай гэж харагдахаар түүх болж чадаагүй л байгаа.
-Ингэж түүх бүтээхэд дунджаар хэр хугацаа шаардлагатай бол?
-Бид нар аль болохоор хурдан үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголцолд хүрч, төр засаг нь бодлогоо маш тодорхой болгох. Өмнө нь эхлүүлээд дуусгаагүй байгаа гэрээ хэлэлцээрээ хурдан дуусгах ёстой. Одоо болтол Оюутолгойн асуудал, хэлэлцээр нь дуусаагүй л явж байна шүү дээ. Мөн Таван толгойн асуудал маш олон жил яригдлаа, өмнөхөөсөө багахан л ахиц гарсан байх.
Бид улс орныхоо хөгжил, ирээдүйг тэтгэсэн эдийн засагтай болъё гэж бодож байгаа бол хэд хэдэн зүйлийг, ялангуяа хөрөнгө оруулалт гэж юу вэ гэдэг дээр нэгдсэн ойлголттой болох, сэтгэлгээний өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Учир нь хөрөнгө оруулна гэхээр “Гаднынхан хамаг эд баялгийг маань хоослоод аваад явчихдаг” гэдэг ойлголт, сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Харин гадна, дотны хөрөнгө оруулагчидтайгаа хэрхэн хамтарч, үр өгөөжийг хүртэж болох вэ гэдгийг анхааралдаа авах шаардлагатай байгаа юм.
-Хөрөнгө оруулагчид манай төр засгаас юу, юуг хүсэж байна вэ?
-Нэгдүгээрт, энэ намар Засгийн газраас УИХ-д өргөн барих “Татварын тухай багц хуулиудад энэ салбартай холбоотой татварын асуудлыг хэрхэн тусгах бол, яг бодитой хөнгөлөлт үзүүлэхээр байна уу, үгүй юу гэдгийг илүү сонирхож байсан. Хоёрдугаарт, Монголд хөрөнгө оруулчихаад эргээд төр засаг, ард иргэдтэй бүрэн дүүрэн ойлголцохгүй нөхцөл байдал үүсдэгийг нэг тийш болгож өгөхийг харж байх шиг. Мэдээж монголчууд бид бүхэн эх орондоо илүү үр өгөөжтэй, илүү ашиг хүртэх талаас асуудалд ханддаг нь зөв ч нөгөө талд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг давхар хангаж байж харилцан ашигтай ажиллана гэдгээ бодох хэрэгтэй. Хамгийн ойлгомжтой зүйл бол хөрөнгө оруулалт орж ирж байж Монголын эдийн засаг тэлнэ. Эдийн засаг тэлж байж улс хөгжинө. Ерөөсөө л тодорхой зам нь энэ.
-“Эрдэнэс таван толгой” компани ард иргэддээ хувьцааны ашиг хүртээнэ гэсэн мэдээлэл хийсэн. Үүнийг та хэрхэн харж үнэлж байна вэ?
-Тавантолгой өөрөө том асуудал. Дэлхийд томд тооцогдох орд. Байршил, бусад давуу талуудаа бодолцох юм бол хэтдээ маш их үр өгөөж өгнө. Тиймээс хувьцаа эзэмшигчид үр ашиг хүртэх бүрэн бололцоотой төсөл гэж хардаг. Харин бид хэзээ хувьцаагаа арилжаалах, хэзээ ашгийг нь хүртэх вэ гэдэг нь хэд хэдэн нөхцөлөөс шалтгаална.
Юун түрүүнд Таван толгойн ордод зах зээлийн стандартад нийцсэн бүрэн дүүрэн үнэлгээний ажил хийгдэж дуусах ёстой. Мэдээж 1-2 жилийн хугацаанд бүрэн үнэлгээ хийгдэж байж бүхэлдээ ямар үнэ цэнэтэй орд вэ гэдэг нь тодорхойлогдоно. Энэхүү үнэлгээ бүрэн тодорхойлогдсоны дараа хувьцаа эзэмшигчид олон нийтэд танилцуулдаг. Мөн таван толгой ганц нүүрсний орд биш, эргэн тойронд нь бий болгохоор яригдаж байгаа томоохон эрчим хүчний эх үүсвэр, төмөр зам зэргийг цогцолбор байдлаар нь хөгжүүлэх гэж байгаа бол үүнийгээ маш хурдан эцэслэх ёстой. Тэгж байж л хөрөнгө оруулагч нарт энэ бол ганц нүүрсний орд бус, цогц төсөл юм гэдгээр нь санал болгоно. Төр засгийн зүгээс ч эцсийн шийдвэрээ гаргах хэрэгтэй. Үүний дараа тус компани маань олон нийтэд болон томоохон хөрөнгө оруулагч нарт танилцуулагдах ёстой юм. Энэ бол нэлээд хугацаа ордог ажил. Жишээ нь, Монгол улсын Засгийн газар хэд хэдэн удаа бонд гаргахдаа түүнийгээ хөрөнгө оруулагч нарт маш сайн танилцуулж байж хүүг нь бууруулдаг. Бага хүүтэй бонд гаргадаг гэсэн үг. Түүнтэй адил бид Эрдэнэс таван толгойн 30 хувийг олон нийтэд, хөрөнгө оруулагч нарт танилцуулж IPO хийх гэж байгаа бол аль болох хувьцаагаа үнэд хүргэх үүднээс танилцуулгаа үнэн зөв, бодитоор хийж байж итгэл үнэмшлийг төрүүлнэ, хувьцаа үнэд орно. Тэр 30 хувиас олон зүйл хамаарна шүү дээ.
Хэрэв, бидэнд мөнгө хэрэгтэй байна гээд хаа хамаагүй улсуудад хувьцааныхаа 30 хувийг бага үнэ хүргэчих юм бол нөгөө талд нь нийт хувьцааны 10 гаруй хувийг эзэмшиж байгаа Монголын гурван сая иргэн бүгд хохирно, төр ч хохирно. Түүнээс биш бид зургаан сарын дараа IPO хийнэ, түүнээс гурван сарын дараа тийм ажил хийнэ, дахиад гурван сарын дараа иргэд ногдол ашиг хүртээл эхэлнэ гэсэн ийм хөнгөн хийсвэр яриа зохимжгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Ю.Шүрэнцэцэг