МХЕГ-ын БОГУУХГ-ын дарга Н.Батбаяртай ярилцлаа
- "Эко алтан Заамар" ХХК осол болсон уурхай усан сангаа буруу газар байршуулсан байж магадгүй гэсэн үндэслэл яригдсан? Энэ үнэн үү?
- Энэ асуултанд би хариулт өгч чадахгүй. Яагаад гэвэл МХЕГ-ын дэд даргын удирдсан ажлын хэсэг ажилласан. Тэд дүгнэлтээ гаргасан байх.
- Урьдчилсан байдлаар осол болсон шалтгаан тодорхой болсон уу? Яг ямар алдаа байсан гэж гарсан бэ?
- Энэ осол Эрүүгийн хэрэг болсон. Хэргийг хянан шалгах процессийн явцад прокурорын зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн урьдчилсан дүгнэлт хэлэх бололцоогүй л дээ.
- Өмнө нь энэ уурхай дээр бас осол гарч байсан. Удаа дараа зөрчил гаргасан уурхайд ямар арга хэмжээ авдаг вэ?
- "Эко алтан Заамар" ХХК хэд хэдэн тусгай зөвшөөрөлтэй. 2018 оны тавдугаар сард бас нэг осол болсон. Тэр үед Төв аймгийн мэргэжлийн хяналтын газар шалгалт хийсэн юм билээ. Харин саяны осол болсон уурхай бол 2018 оны аравдугаар сараас шинээр нээгдсэн уурхай. Өмнөх зөрчилтэй холбогдохгүй объект болж харагдаж байгаа учраас удаа дараа зөрчил гаргасан гэж тооцогдохгүй байна.
- Бичиг баримт дутуу байсан гэсэн үү?
- Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ байхгүй байсан. Ямар төрлийн бичиг баримтын бүрдэлт дутуугаас шалтгаалж авах хариуцлагын асуудал яригддаг. Ер нь бол энэ ослоос үүдээд шадар сайдын захирамж гарч үүрэг даалгавар өгөгдсөн. Улсын хэмжээнд "уурхайлах" ажлыг эхлүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигч бүх ААНБ-ыг хамруулсан хяналт шалгалт хийгдэж эхэлж байна.