ОБЕГ-ын "Онцгой байдлын үндэсний аврах бригад"-ын усчин аврагч Ц.Гүррагчаатай ярилцлаа.
Тэрбээр "Эко алтан Заамар" ХХК-ийн осол болсон уурхайд дарагдаж амь үрэгдсэн дөрвөн уурхайчны эхний цогцсыг гаргаж ирсэн аврагч юм.
-Анхны нас барсан иргэний цогцсыг гаргаж ирэх үед нөхцөл байдал ямар байсан бэ? Хичнээн цаг зарцуулсан бэ?
-Юуны өмнө энэ ослоор амь үрэгдсэн уурхайчдын ар гэрт эмгэнэл илэрхийлье. Мөн "Эко алтан заамар" ХХК-ийн ажилчид ямар хүнд нөхцөл байдалд ажилладаг болохыг бид бас нүдээрээ харсан. Ес хоногийн турш бидэнтэй мөр зэрэгцэн, 24 цагаар, хоёр ээлжээр ажиллалаа шүү дээ. Бид бол тангараг өргөсөн албан хаагчид. Тэд бол ийм албагүй. Гэсэн ч тэд бас ажлын хүндийг нугалж өгсөн тул талархал илэрхийлье. Өөр юм яримааргүй байна.
-Аврагчдын хувьд хангамж хэр байдаг вэ?
-Сүүлийн үед багаж техник хэрэгсэл сайжирсан. Гэхдээ хангалтгүй. Таван хүний дунд нэг шумбалтын хэрэгсэлтэй. Цалин хөлсний тухайд илүү цагийн хөлс гэж байхгүй. Гэхдээ 2019 оны 01 сарын 01-нээс онцгой нөхцлийн 10 хувь нэмэгдэж 20 хувь болсон. Бусад төрийн албан хаагчдийн жишгээр л цалинждаг.
-Ажлын ачаалал хэр байдаг вэ?
-Харилцан адилгүй. Ажил их үед гэртээ харихгүй нэг хоёр сар болох ч үе байна. Гэртээ нэг сар өнжих ч үе байна.
-Он гарсаар хэдэн удаа осол аваар дээр ажиллав?
-Миний хувьд хоёр дахь осол дээрээ ажиллалаа. Усны осол бусад ослоос арай өөр онцлогтой. Томоохон үер болоод олон хүн усанд автчихгүй л бол дан хүний үйл ажиллагаанаас шалтгаалж гардаг.
-Энэ удаагийн ослын нөхцөл байдал хэр байсан бэ?
-Намайг очих үед лав шороо чулуу дээрээс байнга унасан. Хана нь хэд хэдэн газраар хөрсний ус шүүрсэн, мөснүүд нь хананаас хөндийрсөн. Хэзээ мөдгүй нурахад бэлэн ч юм шиг. Ийм л байдалтай байсан.
-Сая Шадар сайд та бүхнийг хүлээн авч уулзлаа. Та бүхний зүгээс саналаа хэлсэн үү?
-Төр засгаас аврагчдыг дэмжиж ажилладаг. Сая бас дэмжиж ажиллана, багаж хэрэгслийг сайжруулна гэж хэлж байна. Хэрэгцээ муутайгаас шалтгаалаад шумбагчид маань хангалттай сайн бэлтгэгдэж чадахгүй байна.