СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-13

П.Цэнгүүн: Төрийн өмч гэдэг чинь тонож дээрэмдсэн юмаа дахин хуваарилах процесс

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Г.Пүрэвсүрэн

Эрх чөлөө хөдөлгөөнөөс “Эрх чөлөө үзэл санааны зорилтууд” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав. Хурлын үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор Х.Сэлэнгэ, философийн ухааны доктор, орчуулагч Д.Батчулуун, “Алтан тариа ХХК”-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн нар илтгэл тавив.

Бид “Алтан тариа ХХК”-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүний “Төрийн өмч ба эдийн засгийн эрх чөлөө монголд” сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлснийг хүргэж байна.

П.Цэнгүүн:

-Би бизнес эрхэлж байгаа хувийн хэвшлийн хүний зүгээс л ярина. Хүн сэтгэлгээний, сэтгэх хязгааргүй эрх чөлөөтэй. Сэтгэлгээ бол ийш тийш савласан, нэг талаасаа нөгөө тал руу хэлбэлзсэн, юунд ч баригдаж хашигдахгүй зүйл юм.

Төрийн өмч гэх юм бол манай Монголын хууль дүрмээр “Үүнийг, ийм зүйлийг төрийн өмч гэнэ ээ” гээд тодорхой заалт байдаг байх л даа. Миний хувьд бол . Төрийн өмч байна аа гэдэг чинь тонож дээрэмдсэн юмаа дахин хуваарилах гээд байгаа процесс дээр харагдаж байгаа юм. Энэ тал дээр би хүмүүстэй сошиал твитер гэж юмаар маргадаг. МИАТ компани шинэ онгоц авлаа гэхээр нь “Татвар төлөгчдийн мөнгөөр онгоц авлаа” гэсэн чинь хүмүүс эсэргүүцээд, юу гэж татвар төлөгчдийн мөнгө байдаг юм, энэ чинь тухайн компанийн өмч шүү дээ гэх юм. Үгүй байхгүй юу. Тэгж бодож байгаа нь тухайн хүмүүсийн л сэтгэлгээний хандлага.. Бид, тухайлбал би жаахан либертари үзэлтэй гэх юм уу. Төрийн өмч гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө, иргэдийн мөнгө, хувь хүмүүсийн мөнгө шүү дээ. Үүнийг төр хууль гаргаж, авч, дахин хуваарилж, эдийн засагт муу нөлөө үзүүлж байгаа нь тэр юм. Тийм учраас би төрийн өмч гэдэгт үнэхээр бүтэхгүй, болохгүй, муухай зүйл гэж ханддаг. Эсрэг талд нь харин хувийн өмч гэж байгаа. Одоо манай нийгэмд төрийн эрх мэдэл, хувь хүний эрх чөлөө гэсэн хоёр ойлголт хоорондоо тэмцэлдээд байна. Үүнийг өөр талаас нь харъя. Австрийн эдийн засагчид “Хувь хүний эрх чөлөө, эрх гэж бараг байхгүй. Хувь хүнд зөвхөн өмчлөх эрх л гэж байдаг юм. Тэр өмчлөх эрхийг дагаж өөрийнх нь сонгох субьект, бусад эрхүүд нь ч гарч ирдэг” гэж хэлдэг. Дахиад л сэтгэлгээний өөр онол гараад ирж байгаа биз. Тэр үүднээс харвал өмчлөх эрх, хувийн өмчид байж л баялаг бүтээж, улс орон болно оо гэсэн байдаг.

Сэтгэлгээний талаар бодоод үзэхээр, бид дэлхий гэдэг нэртэй энэ гаргийг колончлоод тавь, жаран мянган жил болж байгаа. Дэлхий хэдэн тэрбум жилийн түүхтэй. Хүмүүс бид нэг агуйгаас гарч ирээд, амьтан хороож алж идээд, тариа ногоо тариад 50-60 мянган жилийн түүхтэй болсон. За тэгээд хүн эхэн үедээ агуйгаасаа гарч жаахан бүлэг, омог болж амьдраад, аажимдаа хоорондоо харьцаад явсан. Тэгээд бидний өвөг дээдэс сүүлийн 2000 жилийн туршид бурхан, ид шид гэдэг зүйлийг гаргаж ирээд, түүнийхээ төлөө тахил өргөж явжээ. Тэд өөрсдөө хэн ч биш, бурхны төлөө, тэнгэрийнхээ төлөө амьд явж түүнийхээ төлөө бүх юмаа өргөдөг байж. Сүүлдээ нийгэмшиж гайгүйхэн болоод, Маркс Энгельс гэх мэт янз бүрийн философичид гарч ирээд, тэгээд хүмүүс бурхныхаа төлөө биш, нийгмийнхээ сайн сайхны төлөө тахил өргөдөг болсон. Хүмүүсийн нийгмийнхээ сайн сайхны төлөө гэсэн сэтгэлгээг нь социализм, коммунизм болгож гаргаж ирсэн. Тэр нь тэгээд бүтэлгүйтсэн. Үндсэндээ 1716 оноос эхлээд Үндсэн хууль гарч ирсэн, АНУ-ын үндсэн хууль. Тэгээд юм. Тэгээд үндсэндээ энэ гайхамшгаас, хүн өөрийнхөө төлөө амьдардаг болсны хүчинд бид өнөөдөр ингээд чинээлэг, гар утастай, микрофонтой амьдарч байгаа. Энэ нийгмийг авчирсан систем буюу тогтолцоо бол капитализм, чөлөөт зах зээл. Яагаад чөлөөт зах зээл, капитализм үүнийг авчирсан юм бэ?

Хүмүүс зэрлэг капитализм, муухай, хэдэн шунахай бизнесменүүд, шунахай корпорацууд бүгдийг нь хулгайлдаг, тонодог, дээрэмддэг гэж ярьдаг. Өнөөдрийн, одоогийн нийгэмд үзүүлж байгаа зүйл тийм байгаа шүү дээ. Хамгийн муухай хүмүүс бизнесмэнүүд боллоо. Энэ капитализм буюу чөлөөт зах зээл гэдгийн гол үзэл санаа, үнэт зүйлс, санааг монголчууд ерөөсөө мэдэхгүй, ойлгохгүй байна. Аргагүй шүү дээ, тийм түүх ч байгаагүй. Сүүлийн 70 жилд бид маш эмгэнэлтэй нийгэмд амьдарч байгаад сүүлийн 30 жилд арай гайгүй болж байгаа. Би энэ талаар Д.Батчулуун доктортой хамтарч хэд хэдэн ном орчуулж, санхүүжүүлж гаргасан. Ноднин гаргасан “Чөлөөт зах зээлийн хувьсгал” гээд гайхамшигтай ном байгаа. Түүнийг та нар уншвал үүнийг сайн ойлгох байх. Ямар системийн ачаар өнөөдөр бид ийм сайхан сонголттой байгаа юм бэ, хүмүүс сонгодог болсон шүү дээ. Яах вэ энэ төр, муу муухай юмнууд зөндөө байдаг. Биднийг барьж аваад шоронд хийдэг, хорьдог.

Өнөөдөр бид холимог системтэй, социализм феодализм, ерөөсөө хөрөнгөтний нийгмийн хамаг юмыг хамж аваад бөөгнүүлчихсэн нийгэмд амьдарч байна. Тэгээд маш том данхар төртэй. Төр нь маш их хууль гаргаж хүний эрх чөлөө, өмч хөрөнгө бүх юм руу халддаг тийм л байдал руу орчихсон

Гэхдээ л хувь хүмүүс эрх чөлөөтэй, өмч хөрөнгөтэй болоод, чөлөөт зах зээл дээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, арилжаалж наймаалцдаг болоод, үүний ачаар хүн төрөлхтөн долоо, найман тэрбум болж, үнэхээр хангалуун сайхан амьдарч байгаа гэдгийг мартчихсан, санах ч үгүй. Бүгдээрээ өнөөдөр хамгийн муухай зүйл бол чөлөөт зах зээл, зэрлэг капитализм, бүгдийг устгаж байгаа гэж боддог боллоо. Тийм учраас төр үүнийг зохицуулах ёстой, хууль гаргах ёстой, хянах ёстой гэхээр, тэгээд дахин хуваарилалт, баялгийн тэгш хуваарилалт гээд буцаад социализм руугаа орчхож байгаа юм.
Чөлөөт зах зээлийн хамгийн ач тустай нь юу вэ гэхээр хамгийн ядуу хүмүүсийг л баян болгодог. Хэнийг ч хамаагүй, ерөөсөө массын амьдралыг дээшлүүлдэг. Яагаад вэ гэхээр, хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүст ямар нэг давуу эрх олгодоггүй зарчимтай. Гэтэл хүмүүс энэ тогтолцоо, чөлөөт зах зээл том капиталистуудад, хөрөнгөтнүүдэд тустай гэж боддог.

Өнөөдөр Монголчууд бид капитализмтай ямар ч холбоогүй нийгэмд амьдарч байгаа. Тэгсэн хэрнээ капиталистууд, капиталист нийгэм гэж хараагаад байгаа. байгаа. Мэдээж социализмаасаа хамаагүй дээр байна л даа. Гучин жилийн өмнө хувь хүн үзэл бодлоо илэрхийлж, ингэж ярьж болохгүй байсан шүү дээ.
Социализм буюу коммунизм бол давуу эрх эдэлдэг хүмүүс нь сайхан амьдардаг нийгэм байсан. Масс нь тэр чигээрээ ижилхэн, зөвхөн дарга тойрон хүрээлэгчид онцгой эрхтэй, сайхан амьдардаг, бүх юмаараа хангалуун, яг дээр үеийн хаадууд шиг. . Тэгэхээр энэ нийгэм капитализмтай ямар ч холбоогүй гэсэн үг. Жишээлбэл тодорхой маргаанууд гарч байна. Уул уурхай гэдэг ч юм уу, янз бүрийн хөтөлбөрүүд, ЖДҮ гээд бүгд нэг л юм руу, хэсэг бүлэг рүү очиж байгаа юм. Яагаад энэ хэсэг бүлэг улсуудад давуу эрх олгоод байгаа юм бэ. Уг нь бусдад ч ижил боломж олгох ёстой. . Цөөн хэсэг хүмүүст зориулсан бүлэг амьдардаг, бусад нь массаараа ядуу байдаг.

Массыг, ялангуяа ядуусыг, жирийн хүмүүсийг чинээлэг амьдралтай, дундаж орлоготой, эрх чөлөөтэй болгодог систем бол капитализм юм. Хамгийн ёс суртахуунлаг нийгэм. Хувиа хичээх шиг сайхан юм байхгүй шүү дээ. Хувиа хичээх бол үнэхээр хамгийн сайн зүйл, хувь хүмүүсийн мөн чанар, ариун зүйл, нандигнах зүйл. Хүн төрөлхтөнд хамгийн анхны эрх нь “би”-гээс эхэлдэг. Төрлөө БИ, БИ гэдэг хүнээрээ эрх нь үүснэ. Хүн төрөлхтний хамгийн анхны үүрэг нь өөрөө өөрийнхөө төлөө амьдрах. Өөрөө өөрийгөө л авч явах. Тэр утгаараа хувиа хичээх гэдэг бол ерөөсөө хамгийн ёс суртахуунлаг, хамгийн нандигнах зүйл. Хүн өөрөө өөрийнхөө эрх чөлөөг хангахдаа бусдад садаа болохгүй, бусдыг золиослохгүй, бусдыг хохироохгүй, бусдаас давуу эрх эдлэхгүй байх ёстой юм.

Манайд том том компаниуд байна. Гэхдээ өнөөдөр энэ хэд маань яагаад асуудалд орчхоод байна вэ гэвэл тэд төртэй нийлж ямар нэгэн давуу эрх эдэлчихсэн, онцгой эрх авчихсан. Тийм болохоор л муухай харагдаад байгаа юм. Давуу эрх эдлэгчид бусадтай ижил, зах зээлийн жамаараа яваагүй. Улсаас маш их татаас авсан, хөнгөлөлттэй зээл, ямар нэгэн хөтөлбөрт хамрагдаж, бүтээн байгуулалт нэрээр, татвар төлөгчдийн мөнгөөр баахан обьект барьдаг. Энэ бол цэвэр социализм. Яагаад гэвэл бүгдэд нь ижил боломж олгоогүй, цөөн хэдэн бүлэг, цөөн хэдэн компанид давуу эрх олгож ийм заваан юм хийж байна. Түүнийг бүтээн байгуулалт гэж нэрлэнэ. За тэгээд нийгмийн сайн сайхны төлөө ч гэх шиг янз бүрээр нэрлэж байгаа юм.

Ийм учраас л бид өөрсдийнхөө төлөө биш нийгмийн сайн сайхны төлөө хийж байнаа гэдэг чинь хамгийн аюултай байгаа юм. Эрх чөлөөнд аюултай, энэ нийгэмд хамгийн хортой. Тэгээд тэгш бус байдал буюу ядуурал улам их газар авна. Хэдий чинээ олон хууль гаргаж, хэдий чинээ төрийн эрх мэдэл нь зах зээл тэлээд, зохицуулалт нь нэмэгдээд, саяных шиг хэдэн арван сангаараа хямдхан зээл, татаас, урамшуулал, үнэ тогтоох хөтөлбөр ч гэх юм уу янз бүрийн гоё нэртэй ажлууд хийнэ, тэр хэрээр энэ нийгэм өөдлөхгүй. Ядуурал улам ихэснэ, шударга бус явдал гаарна, тэр хэмжээгээрээ хувьсгал гарах ч юм уу, Венесуэлийн араас орох ч юм уу алдаа гарна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.