Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” ХХК-ийн уурхайд 2-р сарын 28-нд осол болж хоёр уурхайчин бэртэж, дөрвөн уурхайчин амь насаа алдсан билээ. Тэгвэл энэ осол гарсан өдрөөс эхлээд Эдийн засагч Л.Наранбаатар “Уурхайчид уурхайчиддаа тусалъя” хандивын аяныг өрнүүлж эхэлсэн юм. Түүний эхлүүлсэн хандивын аянд таван аж ахуйн нэгж, 93 хүн нэгдэж нийт 33,8 сая төгрөг цугларчээ.
Ингээд осолдсон дөрвөн уурхайчны ар гэрт тус бүр 6 сая төгрөг, гэмтсэн хоёр уурхайчинд тус бүр 3 сая төгрөгийн хандив өгөхөөр болсон байна. Эдийн засагч Л.Наранбаатар цуглуулсан хандиваа “Эрнст Янг” аудитын компаниар аудит хийлгэхээр болжээ.
Тэрээр “Уурхайгаас гарч ирэх үнэт баялаг бол алт, нүүрс, зэс биш. Эрдэнэт хүний амь нас. Уурхайчин өөрөө юм” гэдгийг онцлоод уурхайчдынхаа амь насыг хамгаалсан, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангасан, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ёстой гэдгийг ч энэ салбарынханд уриалжээ.