Америкийн үндэстэн дамнасан томоохон корпорациудын нэг Боинг компанийн үйлдвэрлэсэн Мах 8 онгоц ойрын таван сарын хугацаанд хоёр ч удаа учир битүүлэг шалтгаанаар осолдоод байна. Уг осол нь дэлхийн улс орнуудыг Боинг 737 Мах онгоцыг хэрэглээнээс түр хасах дарамтад оруулснаас гадна үйлдвэрлэгч компанийг хүнд байдалд оруулаад байгаа юм.
Одоогоор Этиоп, Сингапур, Монгол, Хятад, Австрали, Индонези, Малайз, Фижи, Шинэ Зеланд , Аргентин, Энэтхэг, Кувейт, Арабын нэгдсэн Эмирт улсуудаас гадна Европын холбооны Франц, Их Британи, Герман зэрэг орнууд уг онгоцыг агаарын хилдээ нэвтрүүлэхээс татгалзаж, ослын шалтгаан тодрох хүртэл түр газардуулаад байна. Харин АНУ-ын зүгээс онгоцны аюулгүй байдлыг батлан дааж үргэлжлүүлэн нислэг үйлдсээр байгаа юм.
Индонезийн Лион Эйр нислэгийн компанийн худалдаж авсан Боинг 737 Мах 8 загварын онгоц өнгөрсөн оны 10 дугаар сард хөөрөөд 10 гаруйхан минутын дараа сүйрсэн бол Этиоп Эйрлайнсын яг ийм загварын онгоц мөн хөөрөөд зургаан минутын дараа осолдсон. Удаа дарааллан гарсан хоёр удаагийн ослын улмаас 350 орчим иргэн амиа алдаад байна. Тиймээс улс орнууд иргэдийн амь насыг хамгаалах, аюулгүй байдлын үүднээс ослын шалтгаан тодорхой болтол уг онгоцыг нислэгт түр ашиглахгүй байхыг уриаллаа.
Боинг компанийн 737 загварын онгоцуудын цуврал болон үйлдвэрлэгдэж 2016 онд анхны нислэгээ үйлдсэн Мах 8 онгоц 5,011 ширхэг захиалга авсан байгаагаас 350-ыг нь захиалагчдад нийлүүлсэн байдаг. Олон улсын агаарын тээврийн 28 компани Боинг 737 Мах 8 онгоцыг гурав болон түүнээс дээш тоогоор худалдаж авч, өдөр тутмын нислэгтээ ашиглаж байна. Уг загвар урт нарийн хэлбэртэй, хос хөдөлгүүртэй тул багтаамж сайтайн дээр хөнгөн хурдан гэдгээрээ давуу талтай.
Эх сурвалж: www.bbc.com