Кремлийн сэтгүүлчдийн ярьж буйгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цаг барьдаггүй нэгэн аж. 2013 онд Путин Ромын Паптай уулзахдаа 50 минут хоцорсон. Энэ үйл явдалтай холбогдуулан Оросын “Московский комсомолец” сонинд “Путин бурхны элчийг хүлээлгэв” гэсэн нийтлэл гарч байжээ. Италийн хэвлэлүүдэд Папын туслахууд түүнийг хүлээж цаг орчим хүйтэнд даарч зогслоо гэж бичиж байсан аж.
Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг дөрвөн цаг хүлээлгэж байсан бол 2012 оны зургадугаар сарын 1-нд Меркель Путинийг цаг гаруй хүлээсэн. 2014 оны аравдугаар сард Миланд болсон уулзалт товлосон цагаасаа дөрвөн цагийн дараа эхэлсэн. 2003 онд Английн Хатан хаантай уулзахдаа 15 минут хоцорсон. 2006 онд Испанийн Ван Хуан Карлосыг 20 минут, 2011 онд Шведийн Ван Карл Густавыг 40 минут хүлээлгэж байв. 2012 онд Мексикт болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр Барак Обама Путиныг 40 минут хүлээж зогссон байдаг. 2012 онд Жон Керритэй Москвад уулзахдаа гурван цаг хүлээлгэж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Путинийг хүлээх зуураа Улаан талбайгаар зугаалж байжээ. Жон Керриг зугаалж байхад ОХУ-ын Ерөнхийлөгчийн хүлээн авах зааланд Израилийн Ерөнхий сайд Беня Нетаньяху 30 минут, Их Британийн Ерөнхий сайд Кэмерон 1.5 цаг, НҮБын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн хоёр цаг Путинийг хүлээж суув. Тэр үед НҮБ дахь Оросын төлөөлөгч Виталий Чуркин “CNN” телевизэд ярилцлага өгөхдөө “Дипломат орчинд уулзалт хойшлогдох, хүлээх явдал байнга гардаг” гэж хэлж байжээ.
Гэвч Путин хэвлэлийн бага хурал, томоохон арга хэмжээн дээр яг цагтаа ирдэг учраас зарим ажиглагчид түүнийг гаднынхантай уулзахдаа байнга хоцордог нь цаагуураа зорилготой, нарийн боловсруулсан сэтгэл зүйн тактик гэж үздэг байна.