“Мередит” корпорацийн эзэмшилд байсан Time сэтгүүл шинэ эзэнтэй болж байна. “Salesforce” технологийн компанийн гүйцэтгэх захирал Марк Бениоф, гэргий Лин Бениофын хамт сэтгүүлийг 190 сая доллараар худалдаж авахаар болжээ. Ирэх сарын хугацаанд худалдан авах гэрээ бүрэн хэрэгжиж дуусна. “Мередит” корпораци тус сэтгүүлийг худалдаж аваад жил ч болоогүй байсан юм.
Бениоф бол Блүмберг, Time сэтгүүлүүдийн гаргасан тэрбумтнуудын жагсаалтад 246 дугаар байранд бичигдсэн 6,7 тэрбум долларын хөрөнгөтэй эрхэм. Тэрээр “Time бол бүх цаг үеийн түүх болон соёлын үнэт зүйл. Энэ байгууллагын нэг хэсэг болж байгаадаа хүндэтгэж байна” гэжээ. “Мередит” Time компаниас худалдаж авч байсан бусад “Fortune”, “Money” болон “Sports Illustrated” гэсэн гурван сэтгүүлийг ч мөн худалдах сонирхолтой байна. Тун удахгүй худалдан авагчдыг зарлана гэж мэдэгджээ. Одоогоос таван жилийн өмнө Амазоны гүйцэтгэх захирал Жеф Безос “Вашингтон Пост” сониныг 250 сая доллараар худалдаж авч байсан. Хэдийгээр олон жилийн өмнөх гэрээ хэлэлцээр боловч технологийн салбарынхан сэтгүүлзүйн бизнесийг сонирхож буйн жишээ гэж эх сурвалж онцолжээ.
Эх сурвалж: www.cnn.com
Г.Ганчимэг