Гандантэгчинлэн хийдийн хашаанд байх нэгэн хүрэн шон/багана/ сүүлийн өдрүүдэд олны ярианы сэдэв болов.
Нэг хэсэг нь “Нөгөө мөргөдөг маань цахилгааны шон байж” хэмээн зүгээр нэг гэрлийн шонд мөргөсөөр өдий хүрчээ хэмээх агуулгатай мэдээлэл бичиж, зургийг харьцуулан тавьжээ. Харин өөр нэг хэсэг нь “Гэрлийн шон байж байгаад будсаных нь дараа хүмүүс сүсэглэж, хүслээ шивнэдэг болсон юм” гэжээ.
Зарим нь “Эрт үед төв Ганданг нураахад үлдсэн ганц багана юм” гэх мэтээр талцжээ.
Тиймээс бид Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ч.Бямбажаргалаас тодруулсан юм.
Ч.Бямбажаргал:
-Намайг анх 1990 оны сүүлээр энэ модны хажуугийн ганданд шавилан сууж байхаас л өвгөн лам нар ярьдаг байсан юм. Тэд "1937 оны их хэлмэгдүүлэлт болох үед одоогийн Гунгаачойлон дацангийн өмнө байсан дацанг нураахад тэр дацан найман тулгуур баганатай байсан бөгөөд хамгийн баруун урд багана нь үлдсэн юм" гэж ярьдаг байсан юм.
Харин 1950-1960 оны үед гэрлийн шон болгож ашиглаж байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ анхны үүсэл нь бол дацангийн тулгуур багана байсан юм.
-Тиймээс л хүмүүс сүсэлдэг байх нь?
-Одоо байгаа чулуун хүрээ хийхээс өмнө хөрөөдөж буулгах гээд чадаагүй гэх яриа ч бий. Уйлсан ч гэдэг, сүү урссан ч гэдэг, цус гарсан ч гэдэг. Ямар учиртайг нь асууж сураглахаар, Гунгаачойлон дацангийн гол сахиус болох Балсанлхам бурхан оршсон мод гэж өвгөн лам нар хэлдэг байсан юм. Уг нь түүнийг шүт, эргэж мөргөж тойр, хүслээ шивнэ гэж хэн ч хэлээгүй боловч хүмүүс уг дацангаас үлдсэн ганц гол баганыг ихэд сүсэглэн хүслээ хэлж мөргөж тойрдог болсон байдаг.
-Тэгвэл энэ түүх агуулсан баганыг хамгаалж, арчлах асуудал дээр Гандантэгчинлэн хийдийн зүгээс арга хэмжээ авч байна уу?
-Хамгаалж, арчлаад байгаа зүйл алга л даа. Гэхдээ унах гээд хазайсан байхад нь чулуун хүрээ хийж хамгаалсан.
-Одоо тэгвэл иргэдийн хүслээ шивнэж, сүсэглээд байгааг буруушаах аргагүй л юм байна?
-Тийм. Ер нь “сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэдэг үг бий шүү дээ. Буруушаагаад байх зүйл үгүй гэхдээ бас мөргөж, залбир гэж зааж зөвлөх ч аргагүй.