БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн төслийн арилжааны гэрээг шинэчлэн байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хангарди ордонд боллоо.
Гэрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Синохайдро Корпорейшн Лимитед” компаний Монгол улс дахь төлөөлөгчийн газрын захирал Жианг Гуо нар гарын үсэг зурж, баталгаажуулав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан "Баянзүрх дүүргийн Налайхын зам бол нийслэлийн хөгжил дэвшил, иргэд, оршин суугчдын аюулгүй зорчихтой холбоотой чухал дэд бүтцийн нэг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотыг Зүүн бүс, зүүн аймгууд, Замын-Үүд, Чойртой холбосон ачаа болон хүн тээвэр, цаашлаад эдийн засгийн ач холбогдолтой бараа эргэлтийг нэмэгдүүлэх гээд асар өндөр ач холбогдолтой зам.
Нийслэлчүүд өвөл, зунгүй Горхи Тэрэлж, Цонжинболдогийн аялал жуулчлалын газрууд руу явдаг. Монгол Улсад жилдээ ирдэг 600-700 мянган гадаад, дотоодын зочид бүгд энэ замаар зорчдог. Аюулгүй байдал асар хүнд нөхцөлд байна. Иймээс Налайхын замыг яаралтай шинэчлэх ажлыг зохион байгуулах ажил анхаарлын төвд байсаар ирсэн. Засгийн газар болон нийслэлээс шаардлагатай арга хэмжээг авч, замын ажлын гүйцэтгэгч “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай замын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлж, 2019 ондоо багтааж бүрэн ашиглалтад оруулах гэрээг өнөөдөр үзэглэж байна" хэмээв.
Замын ажил эхлэхээр Налайхын замыг 100 хувь бүрэн хаана. Уг замд ойролцоогоор 40 гаруй гүүр хоолой, туннелийн ажил хийхээр төлөвлөгдсөн. Хятадын талаас 70 хувийн оролцоотой оролцох бол манай талаас 30 хувийн оролцоотой оролцох юм.
Налайхын замаар Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас, алслагдсан гурван дүүрэг буюу Багахангай, Налайх, Багануур дүүргээс тээврийн хэрэгсэл зорчдогоос гадна Замын-Үүдээс ирж байгаа тээврийн хэрэгсэл мөн зорчдог.
Налайхын шинэ зам олон улсын стандартад нийцсэн, өндөр зэрэглэлийн бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай байна. Түүнчлэн тусгаарлах зурвас нь төмөр бетон хийцтэй байх бөгөөд энэ нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослыг эрс бууруулна. Налайхын зам ашиглалтад орсноор ОХУ-ыг БНХАУ-тай холбосон транзит зам болох юм.