Дэлхийн эрүүл мэндийн салбарынхан олон улсын засгийн газруудад хандаж хуурамч болон чанаргүй эмний хэрэглээтэй нэн даруй тэмцэхийг уриалж байна. Чанаргүй хуурамч эмнээс болж жилд 250,000 хүүхэд амьсгал хурааж байна гэсэн судалгаа гарчээ. Тухайлбал хумхаа, хатгаа зэрэг өвчнүүдийг эмчлэхэд чанар муутай эм өгснөөс өвчний эдгэрэлтийг дэмжээгүйгээс олон мянган хүүхэд амиа алдаж байна гэж үзээд байна.
Түүнчлэн чанаргүй вакцин, антибиотик уушгины үрэвсэл, ханиад, мэнингит зэрэг өвчнийг улам хүндрүүлж байгаа аж. Эм бэлдмэлийн чанарт тавих хяналт сул, хуурамч эм нийлүүлэгчидтэй тооцох хариуцлага сул улс орнуудад хүүхдүүд илүүтэй амиа алдаж байгааг тогтоожээ.
Манай улсын урд хөрш Хятад, Энэтхэг зэрэг улсуудад хэвлэх машины будаг, хүнцэл агуулсан хуурамч эмнүүд ихээр үйлдвэрлэгдэж байна. Амьдралын хэвшил болсон өдөр тутам хэрэглэдэг эмнүүд маш ихээр хуурамчаар үйлдвэрлэгдэж байна гэдгийг анхаарууллаа. Хуурамч эм өвчний эдгэрэлтийг удаашруулж, анагаах явцыг зогсоодог. Удаан хугацаанд их хэмжээгээр хэрэглэвэл хүний биед нян эсэргүүцэх чадварыг сулруулж, ашиггүй нянг өсгөдөг байна.
Америкийн Засгийн газар, их сургууль, эм үйлдвэрлэгч компани, эмнэлгүүдээс стандартад нийцээгүй, хуурамчаар үйлдвэрлэсэн эм олон нийтийн эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал болж байгааг сэрэмжлүүлэн эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлжээ. 2008 онд 74 оронд 29 төрлийн хуурамч эм борлуулж байгааг илрүүлсэн бол 2018 онд 113 улсад 95 нэр төрлийн хуурамч эм борлуулсныг илрүүлсэн байна.
Тиймээс хуурамч эм бэлдмэлтэй тэмцэхийн тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламж дэмжлэг нэн шаардлагатай. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод тухайн улсад зарагдаж буй эмийн багадаа 90 хувь нь чанар стандарт хангахуйц байлгах хяналт тавихыг уриалаад байна. Мөн хуурамч эмийн бүртгэлийг дэлхийн нийтэд ил тод танилцуулах хүсэлт тавьжээ.
Дараагийн чухал алхам бол олон улсын хамтын нийгэмлэг, эм үйлдвэрлэгч компаниуд хамтран дэлхийн бүх улс оронд эмийн аюулгүй ханган нийлүүлэлтийг хөгжүүлэх хэрэгтэй байна гэжээ. Европ, Америкт хорт хавдрын эсрэг хуурамч ихээр ханган нийлүүлж, худалдаалах болсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн сард анхааруулсан юм.
Эх сурвалж: www.theguardian.com