Аав минь тэтгэвэрт гарч биднийг хагартал баярлуулсан юм. Тэгэхэд манайх гэдэг айл анх удаа тийм их мөнгөний бараа харж байгаа нь тэр. Цэрэг, цагдаагийнхан тэтгэвэрт гарахаар хэдэн жилтэй ч билээ тэнцэх мөнгө авдаг шүү дээ. Тэр мөнгөө аав маань бүтэн авчирч тушаасан хэрэг.
Түүгээр нь эгч бид хоёр иж бүрэн цахилгаан бараа гэртээ авлаа. Тоос сорогч гэдэг зүйлтэй анх удаа танилцаж байгаа минь тэр. Тоос шороог ямар амархан, зүдгүүргүй “шүүрддэг” гэж санана. Гэтэл бид ийм зүйлийг ч мэдээгүй, хөдөө бол бүр амандаа ус балгаж, пархийтэл нь цацаж тоосыг нь дарж шүүрдсэн хэвээр байсан.
Тэгэхэд бас анх удаа угаалгын машин гээчийг хэрэглэж үзлээ. Усаа халааж хийгээд, дээрээс нь угаалгын нунтаг, хувцсаа нэмээд л болох нь тэр. Гэтэл бид тэр хүртэл нидрүүлгээр хувцсаа угаадаг байсан. Амралтын өдөр ээжийн минь хувьд их угаалгын өдөр болно. Барааны саванг сахартал хөөсрүүлэх ба хувцсаа нидрүүлгээр нидэрч хирийг нь унагадаг байв. Гэтэл одоогоор бол хагас автомат угаалгын машин бидний “нүдийг нээсэн” юм.
Ээж, аав маань биднийг юугаар ч дутаалгүй өсгөсөн. Манайх гэдэг айл хотын захын гэр хорооллын жирийн л нэг айл, хоёр идэхгүй, хоосон хонохгүй эгэл гэр бүлийн нэг байв.
Ээж “Оргил” рашаан сувилалд тогооч хийнэ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын аав Намбар гуай нарын хамт “Оргил”-ын анхны таван ажилтны нэг нь. Ээж цалин гэж шалихгүй юм авдаг ч тэдний гал тогооныхон сарын цалингаараа “нийллэг” хийнэ. Нийллэг гэдэг нь хэдэн ажилтан нийлж, нэг "бүл" үүсгэх ба тухайн сарын цалингаасаа хүн бүр нэгэндээ тодорхой тооны мөнгө өгнө. Харин өөрийнх нь ээлж болоход хагас сарын цалинтай тэнцэхүйц мөнгө нөгөө хэдээсээ бөөнд авна. Ээж маань хааяа “нийллэгээ авлаа” гээд овоо хэдэн төгрөгтэй ирнэ. Оюутан болсны дараа ганц мөнгө хялайлгадаг нь ээж болсон юм. Бид ингэж өссөн.
Аавын цалинг барагтай бол харахгүй. Аав маань тийм байсан уу, эсвэл угаасаа цэргийнхэн тийм хүмүүс үү, архи их ууна. Байгаа хэдийгээ байнга л балгаад дуусгачихна. Цалингийн барааг нь бид барагтай бол харахгүй. Бүр сүүлд би нэг удаа ээжийн даалгавраар цалин буудаг өдөр нь отож байж хэдэн цаасыг нь бүтэн аваад, “бутархай мөнгө өгчих” гэхээр нь харамлаж, цагаан зураасгүй замаар ухаан зулгагүй гүйж яваад золтой л машинд дайруулчихаагүй юм.
Ийм болоод ч тэр үү, цэргийнхэнд одоо болтол жаахан дургүй талдаа. Олон аавын хүүхдүүд цуглахаар ууж, идэхгүй байна гэж үгүй юм шиг байгаа юм. Мөн аавын энэ байдлаас болоод ер нь хүн цалингаас цалингийн хооронд явж болохгүй юм байна гэсэн бодол багаас суусан. Аав намайг цэрэгт яв, цэргийн хүн бол гэж хэлдэг байсан ч би аавын байдлыг харж өссөн болохоор тэр үү тэр талаар бодох нь бүү хэл, харин ч бүр жигшдэг байсан.
Архи их уудаг аавтай (архичин бол биш шүү) хүүхдүүд аз жаргалгүй байдаг. Тэд бүтэн амьдралтай ч, өөрсдийгөө үргэлж дундуур үнэлж явдаг. Өөртөө итгэх итгэл муу өсдөг гэж боддог.
Уг нь миний аав чинь их мундаг хүн байсан шиг. Хилийн цэргийн арын хангалтыг хариуцдаг 0164-р ангид нярав хийдэг байв. Тэнд олон жил болсон. Намайг мэдээ ороход л тэнд байсан, бараг оюутан болтол тэнд ажилласан байх. Дараа нь Хилийн цэргийн удирдах газар (Одоогийн ХХЕГ)-т мөн адил арын албаны нярваар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм.
Та нар төсөөл дөө. Монгол улсад хичнээн Хил хамгаалахын анги, нэгтгэл байдаг юм, тэрний хангалтыг хариуцдаг байсан хүн шүү дээ. Жинхэнэ, алтан дээр суусан албан тушаалтан байсан байгаа биз!
Аав минь тэр үеийн (социализмын) хүмүүсийн нэгэн адил шуналгүй нэгэн байлаа. Шударга гэж туйлгүй нэгэн байв. Одооны хэн нэгэн хүүхдийг энэ албанд тавих юм бол цадахаа мэдэхгүй идэх байсан гэдэгт огт эргэлзэхгүй байна. Харин тэр цаг үе өөр байсан, хүмүүс нь ч өөр байлаа.
Хилийн цэргийн арын хангалтын офицерийн хувьд хайрцагны модоор бол манайх тасарч үзээгүй ээ. Үнэн юм үнэнээрээ сайхан. Сүүлд нь аав бид хоёр түүгээр нь сайхан өвлийн байшин барьсан. Мөн нэг удаа, цэрэг татлагын үеэр хайрцаг дүүрэн бэлэн гоймон авчирч, нөгөөхөөр нь бид нар хэдэн өдөр гэдэс цадаж байж билээ. Нэг иймэрхүү “хангалт” хийхээс хэтэрч байсангүй.
Бидний амьдрал гэр хороололдоо, гэдэс дүүрэн, мөр бүтэн, хоёр идэхгүй, хоосон хонохгүй хэвээрээ.
Үе үе орон сууцны сураг гарна. Голдуу ээжийн амнаас бид энэ тухай сонсоно. Орон сууц гэж сонсохоор цэвэрхэн хувцасласан хорооллын хүүхдүүд нүдэнд харагдана. Тэдэн шиг гоё сургуульд явахыг мөрөөднө.
Ингэж ингэж хоёр өрөө байрны сураг гарлаа. Яг манайд хуваарилаад өгтөл хэрэг бишидлээ. Ээж маань түүнээс болж аавыг олонтаа зэмлэж, уурласан боловч, тэр угаасаа манайх болох хувьгүй байж...
100 айлд байрлалтай манайд хуваарилж өгсөн хоёр өрөө орон сууцны түлхүүрийг аав атгасан байсан ч архи ууж сууж байгаад шалаад байсан нэг найздаа өгч орхиж! Өгөх өгөхдөө ханан дахь турк хивсээ мултлаад бэлэглэчихэж (ээж тэр хивсний араас олон жил харамссан даа). Бид нэг хэсэг тэр айлд амралтын өдрөөр очиж усанд ордог байв. Бүр сүүлд нь ээж “Энэ уг нь манай байр байсан шд. Аав чинь энэ найздаа өгчихсөн юм” гэж хэлж билээ. Тэрнээс хойш тэр айлаар дахин очоогүй. Тэр хүн ч манай аавыг танихгүй болсон.
Сүүлд сураг сонсох нь ээ, “Та дараа жилийн хуваариас байр авчих, энэ жил дүү нь авчихъя” гэж архиар шахаж байгаад түлхүүрийг нь авчихсан юм билээ. 100 айлд амьдрах маань ч тэгээд өнгөрлөө.
Дараа нь бас нэг байрны сураг гарлаа. Таван шар бил үү, Толгойт ч бил үү, ямар ч байсан баруун тийш хол байрлалтай нэг өрөө байр өгөхөөр сураг ажиг гарлаа. Бидний хүүхдүүд тэндээ хөөрхөн баярлаастай. Гэтэл аав нэг өрөө байр гэдгийг нь сонсоод “Манайд арай багадна. Манайх тавуулаа. Дараа жил том байр хуваарилагдаж ирэхээр авъя” гээд аваагүй, буцаажээ. Ингээд байранд орох бас өнгөрлөө.
Энэ байрнуудын түүхийг хэдхэн жилийн өмнө нэг найздаа ярьтал “Дурак” гэж хэлж байж билээ. Тийм ээ, ёстой дурак загнасан нь загнасан байгаа юмаа. Гомдмоор зүйл болсон ч би одоо бол тэгж боддоггүй.
Аав маань архинд дуртай, арчаагүй нэгэн байсан байж болно. Гэхдээ байгаа байдлаараа үр хүүхдэдээ үлгэр жишээ болж, хүн шударга байснаас юу хожиж болдгийг, даруухан байснаас яаж амар төвшин амьдарч болдгийг, хүнтэй нэг зангаараа харьцсанаар хэрхэн олон найз, нөхөдтэй байж болдгийг харуулсан гэж боддог. Тэр үеийн хугас цалин, хоёр өрөө байр нөхөгдөхөөс өнгөрсөн ч шударга байдал, даруун занг бид хэнээс ч нөхөж авч чадахгүй байсан нь үнэн шүү, аав аа.
Би саяныг хүртэл таныг уучилж чаддаггүй байсан. Хүүхэд нас минь аз жаргалгүй өнгөрсөн юм шиг санагддаг байсан. Харин одоо бол би таныг уучилсан. Та надад юу сайн, юу мууг өөрийн биеэр харуулж байжээ.
“Болох юм болдог. Болохгүй юм болдоггүй. Болохгүй юмыг мянга болгох гээд болохгүй” гэж ээж сургадаг. Яг л тийм зүйлүүд тэр үед болж дээ, одоо бодоход.
Бид ээжийгээ чадлынхаа хэрээр сайн өргөж явж байгаа. Та харсан бол хичнээн их баярлах байсан бол. Би таныг их л хөгшин гэж боддог байсансан. Гэтэл та минь 52-хон насандаа биднийг орхисон юм билээ л.
Даваадоржийн Амартүвшин