Эрүүл мэндийн салбарынхан өдөр бүр аспирин хэрэглэвэл цус харвах, зүрх судасны эмгэг өвчтэй болох, хорт хавдар тусахаас сэргийлдэг гэж зөвлөх нь бий. АНУ, Австралийн эрдэмтдийн хийсэн сүүлийн үеийн судалгаагаар эрүүл, ямар нэг өвчин зовиургүй ахмадууд өдөр бүр аспирин уух шаардлагагүй гэжээ. Мэдээж хэрэг зүрхний шигдээсээр өвдсөний дараах өвчтнүүдэд аспирин ач тустай гэдгийг баталсан. Гэхдээ 70 орчим настай эрүүл хүмүүст аспирин ямар ч хэрэгцээгүй эм гэдгийг эрдэмтэд хэлж байна. Ач тусгүйн дээр дотуур цус алдах эрсдлийг нэмэгдүүлнэ гэжээ. Түүнчлэн ахмадуудыг эмчийн заавар зөвлөгөөгүйгээр дур мэдэн аспириныг их хэмжээгээр хэрэглэх нь зохисгүй болохыг анхаарууллаа.
АНУ, Австралийн эрдэмтэд 70 настай, зүрх судасны өвчнөөр огт өвчилж байгаагүй 19,114 хүн дээр судалгаа хийжээ. Тэдний тэн хагас нь таван жилийн турш өдөр бүр бага тунгаар аспирин уудаг байж. Өдөр бүр аспирин уудаг байсан ахмадууд зүрхний өвчин тусах эрсдлээс ангижраагүйн дээр ашиг тус бараг илрээгүй. Харин эсрэгээрээ тэд хэвлийдээ дотуур цус алдах эрсдэлтэй болсон байжээ. Судалгаа хийсэн эмч нарын нэг профессор Жон Макнейл “дэлхий дээр олон сая ахмад эрүүл мэндийн онц шалтгаангүйгээр өдөр бүр аспирин хэрэглэж байна, энэ бол шаардлагагүй үйлдэл гэдгийг судалгаагаар баталсан” гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com
Г.Ганчимэг