СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-12

Найман хүүхдийн ээж Ө.Өрнөхбилэг: Зарим нь “Нохой шиг яасан олон хүүхэд гаргадаг юм бэ” гэдэг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

П.Батзаяа

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Их хотын бүсгүй-2019” хүндэтгэлийн арга хэмжээнээс “Шилдэг эмэгтэй” шагнал хүртсэн Ө.Өрнөхбилэгтэй ярилцлаа. Тэрээр найман хүүхэд төрүүлсэн бөгөөд ес дэх үрээ тээж байгаа алдарт ээж юм.

-Юуны өмнө олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Мөн нийсэлийн шилдэг эмэгтэйгээр шалгарсанд баяр хүргэе.

-Баярлалаа. Танай сонины уншигч мянга мянган ээжүүд, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэе. Миний бие нийслэл хотын мянга мянган бүсгүйчүүд дотроос шилдгээр шалгарч нэр хүндтэй шагналыг хүртсэндээ баяртай байна. Энэ шагнал надад илүү сайн сайхан байж, илүү их зүйлийг хийж бүтээгээрэй хэмээх хариуцлагыг өвөртөлж ирсэн шагнал гэж ойлгож байна.

-Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач. Анх ханьтайгаа хэзээ учирсан бэ?

-Би Төв аймгийн Заамар суманд төрж өссөн. Оюутан болоод хот руу орж ирсэн. Аав ээжээс дөрвүүлээ. Миний ханийг Д.Батдаваа гэдэг. Дархан-Уул аймгийн уугуул. Нийтийн хоолны технологич мэргэжилтэй. Аав ээжээсээ арваннэгүүлээ. Анх хамаатны эгч нөхрийн минь хамаатантай гэр бүл болсон. Тэгээд хөдөөнөөс ирээд удаагүй байхад нөхрийг минь надтай танилцуулсан. Тэр бол 1999 оны наймдугаар сарын 29-ний өдөр байсан. Тухайн үед нэг ч их дотно байгаагүй. Харин түүнээс хойш хоёр гурван сарын дараа илүү дотно танилцаж байлаа.(Инээв)

-Нөхөртэйгөө илүү дотноссон дурсамжаа манай уншигчидтай хуваалцаач?

-Хөдөөнөөс ирээд удаагүй Тээврийн товчооны тэнд айлд байдаг байлаа. Манай нөхөр Хайлаастад хамаатныдаа суудаг байсан. Гэтэл би Хайлаастад амьдардаг хамаатныдаа үргэлжлүүлэн суух болтол нөхрийнхөө амьдардаг айлын хажууд очиж таарсан. Тэгээд өглөө бүр хамт хичээлдээ явдаг болсон цагаас илүү биенийгээ таньж, нөхөрлөж эхэлсэн.

-Анхныхаа хүүхдийг оюутны ширээнээс өлгийдөж авсан юм уу?

-Үгүй л дээ. Бид хоёрыг танилцаад удаагүй байх үед нагац ах хөдөөнөөс ирээд “Миний хоёр дүү хичээл сургуулиа төгссөний дараа хүүхэдтэй болдог юм шүү” гэж захисан. Тэр ахынхаа захиас ёсоор хоёулаа сургуулиа төгсөөд 2004 онд анхныхаа хүүхдийг гаргасан. 22 настай байлаа.

- Ээж хэмээх эрхэм алдрыг зүүх мөч эмэгтэй хүнд мартагдашгүй сайхан байдаг. Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байв?

-Эмэгтэй хүн ээж болох гээд өвдөж байхдаа ч, төрөх эмнэлгийн орон дээр гарсны дараа ч өөрийнхөө л ээжийг боддог юм билээ. Муу ээж минь яаж биднийг төрүүлж, өсгөсөн юм бол доо л гэж бодсон. Анх хүүхэд төрүүлэх мөч хөгжилтэй ч юм шиг, хөгтэй ч юм шиг байсан даа. Хоёрдугаар төрөхөд үдийн 12:00 цагийн үед төрсөн. Тэгтэл шөл хийж ирэх гэрийн хүн маань байдаггүй. Тэр үед мах ховор байсан. Тэгсэн чинь манай хүн мах хайж явсаар байгаад орой 17:00 цагт шөл хийж ирсэн. Тэр мөчийг ерөөсөө мартдаггүй юм.

- Тэр үед гомдсон уу?

-Тухайн үед гомдож л байсан. Төрсний дараа гэнэт өлсөх мэдрэмж төрдөг шүү дээ. Хамт төрсөн хүмүүсийн шөл ирээд байдаг. Минийх байдаггүй. ( Инээв)
Төрсөн өдөр минь нэг гоё цэцэг бариад ороод ирсэн. Өнгө нь цаанаа л нэг өвөрмөц. Яг л амьд цэцэг шиг. Тэгээд “Ямар гоё юм бэ. Амьд цэцэг юм уу” гээд үнэрлэсэн чинь хиймэл цэцэг байлаа. Тухайн үед амьд цэцэг авах санхүүгийн боломж муу л байсан. Одоо ханиасаа цэцэг авах бүртээ тэр үеийг санадаг. .

-Амьдралын гараагаа хэрхэн эхлүүлж байв?

- Намайг төрөхийн яг өмнөх өдөр хадам аав, ээж хоёр минь Дарханы Хонгор сумаас гэр өгч явуулсан. Тэгээд бид хоёр хамаатныхаа хашаанд гэрээ бариад, эмнэлгээс гараад шинэ хүн, шинэ гэрт амьдралаа эхлүүлж байсан. Айл гэрт аяга шанаганаас авхуулаад юм юм л хэрэг болно. Бүгдийг нь нэг нэгээр нь цуглуулсаар таван сарын дараа овоо төвхнөчихсөн байсан. Ингээд нөхөртэйгөө ярилцаад нутагтаа очиж ажиллаж, амьдрахаар явсан. Тэгээд хөдөө очоод амьдралаа дээшлүүлэхийн тулд дэлгүүрээс мах, гурил зээлээр аваад бууз, банш гэрээрээ хийж эхэлсэн. Шөнөжингөө буузаа хийж хөлдөөгөөд өглөө нь дэлгүүрүүдээр бөөндөж ажлынхаа гарааг эхэлж байсан. Тэгээд хэсэг хугацаанд хоолны газар ажиллуулж байгаад эргээд 2009 онд хот руу ирсэн. Тэр үед гурван хүүхэдтэй болчихсон. Ам бүл тавуулаа ирж байсан. Энэ үе л бид хоёрын хамтдаа туулсан хүндхэн өдрүүд байсан даа. Хамтдаа хичээж, зүтгэж чадвал бүх зүйлийг даван туулдаг хорвоо шүү.

-Одоо дөрвөн хүү, дөрвөн охинтой өнөр бүл. Удахгүй бас шинэ хүн хүлээж авах гэж байна. Анх ээж болох үед хүн бүр анхаарал халамж тавьдаг.Харин ойр ойрхон бүл нэмэхээр хүмүүс ямар хандлага гаргаж байна?

- Янз янзын л хандлага гаргана даа. . Гэхдээ би хүний юу гэж хэлэхийг ерөөсөө тоодоггүй. Яагаад гэвэл хүүхэд гэдэг бурхнаас өгч байгаа бэлэг. Настай хүмүүс “Хүнд хэзээ ч хүн илүүддэггүй юм” гэдэг. Тийм ч болохоор сөрөг хандлагатай хүмүүсийн үгэнд ач холбогдол өгч өөрийгөө зовоодоггүй. Өөртөө л итгэдэг.

-Орчин үед ганц хоёр хүүхэд өсгөхөд ч зарим ээжид хүндрэлтэй байдаг. Таны хувьд энэ олон хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэх хэцүү байдаг уу. Заримдаа шантрах үе байх уу?

-Ер нь цөөхөн хүүхэдтэй байх олон хүүхэдтэй байхын хооронд нэг их ялгаа байхгүй гэж боддог. Ялгаагүй л өглөө, орой хоол хийнэ. Хувцас угаана. Нэг тогооноос л хоол иднэ. Магадгүй тогооны хэмжээ нь л өөрчлөгдөх байх. Энэ бол хувь хүний оюун бодолтой л шууд хамаатай. Анхнаас нь хэцүү гээд бодчихвол олон хүүхэдтэй байх хэцүү л болно. Манай хүн анх үерхэж байхаасаа л хоёулаа арван хүүхэдтэй болно гэж ярьдаг байсан. Тэр яриа нь тархинд суучихсан байх. Тийм болохоор бүл нэмэх бүртээ аз жаргалтай байдаг. Ерөөсөө хүүхдүүдээсээ төвөгшөөдөггүй. Анхнаасаа л байх ёстой л зүйл гээд хүлээгээд авчихсан. Магадгүй бурхнаас дахин бэлэг заяавал хүлээж авахад бэлэн.

-Гэхдээ л хүүхэд олон болохын хэрээр хэрэглээ нэмэгдэнэ шүү дээ. Бүхнийг тэгээс эхлүүлсэн гэр бүлийн санхүүдээ мөрдлөг болгодог зарчим юу вэ?

-Чухал шаардлагатай зүйлээ эхэнд нь тавьдаг. Бид хоёр хөдөөнөөс орж ирээд айлын хашаанд түрээсээр сууж байхдаа эхний ээлжинд өөрсдийн гэсэн хашаатай болохыг зорьж бага багаар хуримтлал үүсгэсэн. Хоёр, хоёр насны зөрүүтэй хүүхдүүд чинь гутал, хувцсаа үе дамжуулан хэрэглэчихдэг болохоор амар. Бид голчлон цагаан сар, наадмаар ижилсэж хувцасладаг. Цагаан сараар өмссөн хувцсаа наадмаар өмсчих жишээний. Бусад үед томоос бага руу уламжилна шүү дээ. Том охины минь өмсөж байсан нэхий дээлийг одоо ч дүү нар нь өмсдөг. Боломж нь таарвал том охиндоо нэхий аваад өгчихдөг. Эдэлгээ сайтай, дулаахан үе дамжуулж хэрэглэхэд амар байдаг.(Инээв) Манай хамгийн том хоёр нь эмэгтэй. Тийм болохоор бас яг ч эмэгтэйлэг өнгө авахгүй. Эрэгтэй, эмэгтэй аль нь ч өмсчихмөөр бор өнгийг сонгоно.

-Гэр бүлээрээ шууд худалдааны компанид ажиллаж өөрсдийнхөө амьдрал ахуйг дээшлүүлэхээс гадна олон хүнийг амжилтад хүргэсэн гэсэн. Ажлынхаа талаар танилцуулаач?

-2009 онд хөдөө зоогийн газар ажиллуулж байгаад хот руу орж ирсэн. Тэгээд энэ чиглэлээрээ үргэлжлүүлэн ажиллах санаатай “Зар мэдээ” сонин аваад уншиж байсан чинь “ 800.000-1.500.000 төгрөгийн цалинтай ажилд урьж байна” гэсэн зар байсан. Тэр зарын дагуу очиход “Инфиниум” гээд гоо сайхан, гэр ахуйн бараа зардаг газар байсан. 2011 онд FABERLIC компани нэгдсэн. Тэгээд тэр мөчөөс хойш 10 жил энэ компанидаа ажиллаж амьдрал ахуйгаа дээшлүүлсэн дээ. Яг өөрсдийнхөө хүч хөдөлмөр, идэвх чармайлтаар өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Бид энэ ажлыг хийснийхээ төлөө цаг нарт баригдахгүй, хэн нэгний дарамт шахалтгүйгээр ажиллаж хүссэн цалингаа аваад мөн 18 орноор аялсан. Бас энэ ажлын онцлог цагт баригддаггүй учраас олон хүүхэд төрүүлэх нөхцөл боломжоор ч хангасан байх. Дээрээс нь хэрэглээнийхээ бүх зүйлийг энэ компаниас авсныхаа төлөө давхар цалин авчихна. Манайх шиг олон ам бүлтэй айлд таарсан ажил.

-Нууц биш бол анх хэдэн төгрөгний цалин авч байв?

-Бараг 2-3 сарын дараа анхны цалин гэж 40 мянган төгрөг авч байсан. Тэгээд би “Энэ ёстой хэцүү ажил байна. Ингэж явж явчхаад дөчхөн мянган төгрөг байх даа яах вэ дээ” гээд шантарч байсан. Бүх зүйлийг эхлэхэд хэцүү байдаг. Бид хоёр цалинд хүрэх хүртэл байгууллагынхаа сургалтуудад суугаад сайхан хүмүүсээс эрч хүч авдаг байлаа. Тэгээд хоёулаа хадам аавын тэтгэврийн зээлийг авч бараагаа зардаг лангуутай болохоор шийдсэн. Тэгээд ааваасаа 350 мянган төгрөг зээлж аваад 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын тэнд жижиг шилэн лангуу ажиллуулсан. Шантрах үе байсан ч бүтээгдэхүүндээ дурлаж, компанидаа итгэж байсан учраас бага цалин авч байгаа ч бараагаа хүмүүст ярьсаар л байсан. Би лангуун дээрээ суугаад, манай хүн үүргэвчинд бараагаа хийгээд гадуур явж зардаг. Тэгээд хань минь гадуур яваад ядраад гутал руугаа харахаар гутлан дээр нь “Чи ухарч болохгүй, зөвхөн урагшаа яв” гэсэн бичигтэй сум гутлынх нь тоосон дээр харагддаг байсан гэж ярьдаг. Миний хань заримдаа орой болтол бар, ресторануудаар үйлчлүүлж байгаа хүмүүст хүртэл бараагаа тайлбарлаж зардаг байсан. Тэр хичээл зүтгэлийн үрээр бид өөрсдийн хашаа байшинтай болсон, удалгүй хүссэн байр, машинаа авсан. Ажлын байртай болсон.

-Та ханиа их зөв сонгосон байна шүү?

-Би ханиа бурхны бэлэг гэж боддог. Ханьтайгаа учирсандаа баяртай байдаг. Миний хань даруухан, ажилсаг, архи тамхи хэрэглэдэггүй зөвхөн гэр бүлдээ бүхнээ зориулдаг хүн. Аав нь л байвал гэрээр дүүрэн аз жаргал. Манай хүн гэртээ ороод л хүүхдүүдтэйгээ ноололдоод унадаг. Зарим нь биен дээр нь багтахгүй л бужигнаан болдог. Гэрээр дүүрэн хүүхдийн инээд цалгиад хань ижил минь тэдэнтэйгээ тоглож байгааг чимээгүй хараад зогсож байхдаа өөрийгөө ямар азтай бүсгүй вэ гэдгээ мэдэрдэг. Эд хөрөнгө чухал биш. Элэг бүтэн, инээд хөөр цалгиж байхад гэр бүлийн утга учир оршдог байх. Бид хоёрыг адилхан төрхтэй гэж олон хүн хэлдэг. Заяаны ханиуд адилхан байдаг ч байж магадгүй. Анх лангуугаа ажиллуулж байхад хүмүүс бид хоёрыг эхнэр нөхөр гэж мэдэхгүй “ Танай эгч чинь” гээд л намайг ярьдаг байсан. Би жаахан овортой юм шиг байгаа юм. (Инээв)

-Эх хүн бүр хүүхдээ сайн хүн болоосой гэж хүсдэг. Тэр дундаа олон хүүхэдтэй ээж та хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж байна?

-Хүүхдүүдээ бүх зүйлд сэтгэлээсээ хандаж, настай хүмүүсийг хүндэлж байгаарай, хогоо хогийн саванд хийх гэх мэт жижиг зүйлээс зөв хандлагатай болгохыг хичээж байна. Гэхдээ хамгийн гол нь үр хүүхдийн толь нь эцэг эх байдаг болохоор өөрсдөө зөв үлгэр дуурайл үзүүлэхийг хичээдэг. Аав, ээж бид л зөв байхад аяндаа хүүхдүүд минь сайн явна. Хааяа маргалдах, муудах үе гарахад хүүхдүүдийнхээ дэргэд ам муруйхгүй байхаас эхлээд хичээж л байна даа. Бид хоёр өөрсдөө гадаад хэлний мэдлэг багатай болохоор хүүхдүүдээ гадаад хэлний мэдлэгтэй хүн болгохын төлөө илүү анхаарч байна. Ер нь олуулаа өссөн хүүхдүүд хүнийг хайрлах ухаанд илүү суралцдаг. Тийм болохоор үргэлж хүүхдүүдээ эх орон, ээж аавдаа тустай сайн сайхан хүн болно гэдэгт итгэл дүүрэн байдаг. Манай гэр бүлийг гадуур явахад хүн бүр бахархсан харцаар харж, хайр хүндлэл дүүрэн байдаг. Тэр хэрээр би хүүхдүүдээ зөв хүн болгож хүмүүжүүлэх үүрэг, хариуцлага тээж байгаа гэдгээ ойлгодог.

-Олон хүүхэд дагуулаад гадуур явах бас л хүндхэн байх даа?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Гэхдээ л томчууд нь дэмжиж туслаад болчихдог юм. Одоо бүр ч дасчихсан. Харин хоёулхнаа юм уу, цөөхүүлээ явахаар ямар нэг юм дутагдаад, чухал зүйлээ мартчихсан юм шиг байдаг. Олуулаа л бужигнаад байж байхад сэтгэл дүүрэн байдаг. .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.