Төв аймгийн Заамар суманд уул уурхайн том осол болж, дөрвөн халуун амь эрсэдсэн харамсалтай явдал хэд хоногийн өмнө боллоо. Онцгой байдлын албан хаагчид осол гарсан өдрөөс эхлээд бүтэн ес хоног ажиллан байж талийгаачдын шарилыг гаргаж авсан гэхээр ямар аюултай зүйл болсон нь хэнд ч ойлгомжтой байна. Аврагчид тэсгим хүйтэн шороотой усанд эрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд багаж хэрэгсэл нь эвдэрч, өөрсдөө ч эрсдэж болзошгүй нөхцөлд үүрэг гүйцэтгэжээ. “Эко Алтан Заамар” компанийн уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй талбайд гарсан уг ноцтой ослын шалтгааныг газар хөдлөлтөөс үүдсэн мэтээр тайлбарлах гэж оролдож буй бололтой. Ослын дүгнэлт эцэслэн гараагүй байхад ийм таамаг дэвшүүлэх нь “Унасан бөхөд шалтаг мундахгүй”-тэй адил харагдаад байгааа юм.
Наад захын хүний нүдээр “Эко Алтан Заамар” компани нь мэргэжлийн стандарт, уул уурхайн маркшейдерийн анхны мэдэгдэхүүнгүй газар ухсан харагдана лээ. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компани юун түрүүнд учирч болзошгүй аливаа эрсдэлээ тооцож, аюулгүй ажиллагаагаа чанд мөрдөн ажиллах ёстой. Ядаж л тэр ухсан нүх нь 45 градусын налуу байх байлгүй дээ. Уул уурхайн талбай дээр очиход иймэрхүү налуутай ухсан нүхнээсээ олборлолтоо явуулж, тэрийгээ тойруулаад давхар, давхар шатлал бүхий шороон зам үүсгэсэн харагддаг. Тэгвэл Заамар суманд болсон ослын талбайн нүх нь 70 гаруй метрийн гүнтэй, 90 градусын мөсөн хана байсан. Уг нь хариуцсан салбар яамнаас уул уурхайн компаниудад үүрэг, чиглэл, зааварчилгаа өгч ажилладаг баймаар. Эргүүлээд тавьсан шаардлагыг нь ханган биелүүлж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллах ёстой юм биш үү. Гэтэл саяын ослоор бүхэл бүтэн дөрвөн хүн нэг дор нас барсан нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Гэтэл салбарын сайд нь болсон явдалд гүнээ харамсан гашуудаж байна гэж эмгэнэл илэрхийлж буйгаа мэдэгдсэн. Ингэж гуниглаад суухгүй ээ, Д.Сумъяабазар сайд аа. Яамны харьяаны байгууллага алдаа гарвал сайд нь огцордог жишиг танай намын үед тогтсон биш бил үү. Тиймээс та одоо огцор. Ингэж байж хаана, хаанаа хариуцлага бий болж, дахин эрсдэл гарахаас сэргийлж чадна.
М.Цэцэн