Алжир улсын төрийн эрхийг 20 жилийн турш барьсан 82 настай Ерөнхийлөгч Абделазиз Боутефлика дахин сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Тэрээр дөрвөн ч удаа нэр дэвшиж сонгогдсон ба тавь дахь гэж байхгүй гэдгийг зарлажээ.
Ерөнхийлөгчийн сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болох ёстой байсан ч товыг хойшлуулаад байгаа юм. Албан ёсоор сонгуулийн тов зарлагдаагүй ч тун удахгүй Засгийн газрын танхимыг халж сэлгэхээр болжээ.
Өндөр настай Ерөнхийлөгчийн биеийн байдал 2013 оноос хойш муудсан. Тэрээр харах, сонсох, ярих чадвараа алдаж эхэлснээр хамгийн сүүлд 2014 онд олон нийтийн өмнө гарч үг хэлж байжээ.
Ард иргэдийн зүгээс ахмад төрийн тэргүүний биеийн байдалд ихээхэн сэтгэл зовниж, хэрэв сонгуульд дахин ялж тав дахиа төр удирдаж байгаад таалал төгсчихвөл улс төрийн тогтворгүй, эмх замбараагүй байдал үүснэ гэж эмээж байгаа юм. Тиймээс улс орон даяар Абделазиз Боутефликаг дахин нэр дэвшихгүй байхыг шаардсан жагсаал, ажил хаялт улс орон даяар болжээ.
Алжир улсад багш, сурагчид ажил хичээлээ үргэлжлүүлэхээс татгалзаж, дэлгүүр галт тэрэг зэрэг нийтийн үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Олон мянган иргэн гудамж талбайдаа жагсаж Ерөнхийлөгчийн дахин нэр дэвшихийг эсэргүүцжээ.
Мөн улсын 1,000 шүүгч санал нэгтэйгээр Абделазизын дахин нэр дэвших эрхийг түдгэлзүүлээд байна.
Эх сурвалж: www.bbc.com