Хулгайчийг хулгай хийхээс нь өмнө таньж илрүүлдэг ухаалаг камерыг Японы стартап компани нэвтрүүлээд байна. Энэ технологийг аливаа обьектын хамгаалалт аюулгүй байдал, хүмүүс амиа хорлох зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглаж болох юм байна.
Гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө тэрхүү үйлдлийг таамаглан мэдээлэл боловсруулах чадвартай AI буюу хиймэл оюун ухаант (artificial intelligence) камерыг Vaak нэртэй Японы стартап нэвтрүүлжээ. Энэхүү камер дээр суурилсан хиймэл оюун ухаант програм нь болзошгүй хулгай, дээрмийн хэргийг биеийн хэлний сэжигтэй үйлдлүүд дээр нь үндэслэж, урьдчилан таамаглах чадамжтай гэнэ.
Хэрэв та Холливудын алдарт жүжигчин Том Крузын тоглосон “Minority Report” киног үзэж байсан бол, үүнтэй ижил төсөөтэй програмын сэдвийг хөнддөг билээ. Дээрхи ухаалаг камер нь дэлгүүрт байгаа үйлчлүүлэгчийн биеийн хэлэмжийн сэжигтэй байдал буюу тогтворгүй харц, гарын хөдөлгөөн, сандралтай байдал зэргийг таньж, улмаар ухаалаг утасны аппликейшны тусламжтайгаар мэдээлэл өгдөг. Тус мэдээллийг авсан ажилтан тухайн хүн дээр очоод ямар нэг тусламж хэрэгтэй эсэхийг лавлахад тухайн хулгайгаас урьдчилан сэргийлэх боломж маш өндөр ажээ.
Өнгөрсөн онд Vaak компанийн ухаалаг камер бүхий програмын тусламжтайгаар Ёкохама хотод хэд хэдэн хулгайчийг илрүүлснээр олны анхаарлыг татаж байжээ. Vaak стартапынхан туршилт хийх зорилгоор суурилуулсан камер нь нэгэн хүний сэжигтэй үйлдлийг бичиж, таамгаа мэдээлсэн ба хэд хоногийн дараа нөгөө хүн нь хулгайн хэрэг үйлдсэнийхээ дараа баривчлагдсан гэдэг.
Дэлгүүрээс юм хулгайлах нь дэлхийн хэмжээнд худалдаа үйлчилгээний салбарт зөвхөн 2017 онд л гэхэд 34 тэрбум ам.долларын хохирол учруулсан байдаг. Хулгайчийг таньж илрүүлэх хиймэл оюун ухаант програмыг бүтээсэн Vaak компаний үүсгэн байгуулагч Рио Танака нь энэ жил дөнгөж 30 настай бөгөөд түүний компанид хөрөнгө оруулалт хийхээр томоохон худалдааны байгууллагууд хүсэлтээ гаргаад байна.
Эх сурвалж: Facebook Jagaa Damdin