СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-03-12

Цэмбэгэр Пүрвээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Мөнхзул

“Шугамын радиогоор театр жүжигчин авна гэнэ. Өвгөн нь жүжигчин болно оо” гэхээр нь би “Чи жүжигчин болоод миний үзэж суудаг ч дээ” гэж хэлээд шоолж байсан юм хэмээн монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн ханийнхаа тухай гэргий П.Дэжид нь ярьсан байдаг. Театрт орсон цагаасаа л ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж, эгэлгүй авьяастан гэдгээ харуулсаар буцсан Монгол Улсын гавьяат жүжигчин Зундуйн Пүрэвийг “Мартахгүй” буландаа онцолж байна.

. Ухааны цараар уран бүтээлээ урлаж, урмын гэгээн үгсээр авьяас онгодоо хурцалж, үзэгч олныхоо итгэл хайраар эрч хүчээ цэнэглэж явсан энэ л уран бүтээлчийн тайз, дэлгэцийн мөнхийн дүрүүдтэй нь та бүхнийг уулзуулъя.

Тэрбээр 1923 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 1956 онд одоогийн УДЭТ-ын жүжигчин болсноос хойш тасралтгүй 50 шахам жил тус театрын тайзнаа жүжиглэсэн уран бүтээлч юм. Үүнээс өмнө залуу насандаа Масло, сүү заводын даргаар ажиллаж байгаад том хүүхдийнх нь бие муудахад хотод нүүж ирсэн түүхтэй. Ингээд хэсэг хугацаанд ажилгүй байсан түүнийг гавьяат жүжигчин З.Галсанданзан агсан “Театрт очиж шалгуул” гэж зөвлөснөөр их театртай амьдралаа холбосон гэдэг. Гавьяат жүжигчин З.Пүрэв “Бүтээл эзэн хоёр” дурсамжит нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа өөрийнхөө тухай ийн ярьжээ.

Гавьяат жүжигчин дүү З.Галсанданзангийн хамт

Анх “Чи нэг уурлаад үзүүлчих” гэж байна. Би хариуд нь “Уурлах юм болоогүй байхад би яаж уурлах билээ” гэсэн. Тэгтэл “Чи уурлачих л даа. Жүжигчин хүн уурлана, уцаарлана, үхнэ, гомдоно, уйлна, баярлана. Энэ бүгдийг чадахгүй бол чи жүжигчин болж чадахгүй хасагдана” гэлээ. Уурлах юм болоогүй байхад уурлаж чадахгүй гээд тайлбарлаад л байлаа. Өнөөх маань ч уурлачих гээд салдаггүй. Тэгсэн хажууд нэг сандал байж байхаар нь “Чи ер нь яадаг хүн бэ. Хүн заавал уурлуулах гэлээ” гээд сандлаа аваад далайтал “Хүүе, хүүе чи яаж байна” гэснээ “За, чи гар гар” гэсэн юм. Нөгөөдүүл нь цаанаа инээлдээд л... Намайг гараад удаагүй байтал “Бүгд ороод ир” гэдэг юм байна. “Өнөөдөр 32 хүн шалгалаа. Хоёрыг нь театрт дагалдангаар үлдээе гэж бодлоо. Бусад нь хэрэггүй ээ, ажлаа бод” гэсэн. Тэгээд л за би тэнцээгүй юм байна гээд эргээд явтал “Хөөе тэр ногоон дээлтэй хүн та зогсож бай” гэхээр нь цаашаа явтал “Битгий гар, наашаа ир” гэв ээ. “Би юү” гэтэл “тийм тийм” гэж байна. Хүн рүү сандал бариад дайрсны гай гарах нь гэсэн шүү юм бодоод зогсож байтал “Өөрийг тань энд гурван сарын дагалдангаар үлдээе гэж бодож байна. Энэ хугацаанд амжилт муутай байвал аль ч үгүй хасагдана шүү” гэлээ. Ингэж л би анх театрын босгоор алхсан юм даа. Баярлаж байгаа гэж жигтэйхэн” хэмээн хуучилжээ. С.Пүрэв гавьяатыг үзэгчид “Өнөр бүл”-ийн сувиллын газрын даргын дүрээр андахгүй мэднэ. Хэдийгээр жижиг дүр ч гэлээ энэ нь түүний чадал чансаатай жүжигчин гэдгийг тодоор харуулж, Монголын ард түмний сэтгэлд хоногшуулсан байдаг. Дурдвал, 

Сувиллын дарга: -Довчоон чи намайг унаатай болгож өгөхийг бодно шүү хө.

Довчин: -Тэр зэргийг зүйлийг аргалж бололгүй яах вэ. Танд өгөхгүй юм бол өөр хэнд өгөх вэ.

Энэ үед нь гаднаас сувиллын ажилтан Дамбий орж ирээд

Дамбий: -Дарга аа, энэ хүүд ор байдаггүй ээ. Одоо яана вэ.

Гармаа: -Сайн байцгаана уу, дарга нар аа.

Сувиллын дарга: -Сайн. Сайн байна уу.

Довчин: -Идээд шаг.

Дамбий: -Дарга аа

Сувиллын дарга: -Хэвтэх ор байтугай. Нүүх нүүдэлгүй гуларч байна аа, Дамбий минь.

Гармаа: -Нээрээ та ч насгүй болчихсон юм байх чинь вэ.

Сувиллын дарга: -Айн, амралтын ор дууссаан, хүүхэд. Хуваарьтай өдрөө ирэх нь яасан юм. Ингэж нэг толгой хоргодсон болъё.

Ийн харилцан яриа өрнөсний эцэст Гармаа эвхмэл ор тавиулаад эцэс сүүлд нь даргын машиндаа суугаад гэртээ буцна. Энэ үед сувиллын дарга Дамбийг дуудан “Өнөөх согтуу биш ээ, Гармаа гэж ямар янзын нөхөр байна” гэснээ “Ишш Дамбий минь, Чи яг одоо таван номерын люкс өрөөнд оруул. Тэр чинь таван жилийн гавшгайч, шинийг санаачлагч, эвлэлийн төв хорооны алтан медальтай, бас дээрээс нь дээшээ суга дэвшиж магадгүй бузар, лут амьтан гэнэ шүү. Чи намайг харж байхад одоохон таван номерт оруул. Тэгээд хоол ундыг өрөөнд нь зөөж үйлчилж байх хэрэгтэй. Айраг, таргаар тогтмол үйлчил. Би өнөө орой тусгайд нь хүлээж авна. Олигтойхон бэлдээрэй” хэмээн ярьсан зальтай даргын дүрийг “Өнөр бүл” кинонд тун чамбай гаргасан байдаг.

байдаг. “Бидэнд юу саад болов” кинонд тоглож, дэлгэцийн анхны томоохон дүрээ бүтээсэн тэрбээр тайз, дэлгэцийн 100 шахам бүтээлд том, жижиг дүр бүтээн ард түмний сэтгэлд хоногшжээ. Түүний талаар алтан үеийн жүжигчид ийн дурссан байдаг.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Гантөмөр агсан ийн дурссан байдаг.

-“Хөдөөний маягийн, эрс шулуун зантай, сэтгэлд дотно хүн театрт анх орж ирж байлаа. Ер нь амьдралыг таньсан, нийгмийг таньсан, нийгмийн цаадах хүнийг таньсан хүн байлаа. “Ээдрээ” жүжгийн Данзанваанжилын дүрийг маш сайн гаргасан. Үнэхээр ийм хүн байсан болов уу гэж бодогдтол бүтээсэн дээ. Үүнээс гадна бусдын бүтээсэн дүрийг маш нарийн шүүдэг. Номтой, амьдралын хар ухаантай хүн. Ялангуяа хошин шогийн тал дээр байгалиас заяасан юм шиг. Энэ хүнийг би байгалиас заяасан сайхан хүн л гэж хэлнэ. Хүний дутагдлыг шог байдлаар хэлнэ. Том эрүүтэй, ширвэг духтай, ширүүн харцтай мөртлөө амьдрал дээр манай Пүрвээ гуайн тэр ширүүн байхгүй шүү дээ. Юм болгонд хамаагүй дуугарахгүй. Тэгсэн атлаа аливааг хэлэхдээ яг голыг нь олоод л хэлчихнэ. Би Пүрвээ гуайг “Үнэний гол нуруутай хүн” гэж үнэлж, хүндэлдэг юм. Пүрвээ гуайн тоглосон кино, жүжиг бүхнээс сэтгэлд үлдээгүй дүр гэж алга. Ер нь бүгдийг нь хийж чадсан. Пүрвээ гуайг нас барахад надад их үгүйлэгдсэн. Бодол санаагаа, сэтгэлээ хуваалцаж ярьдаг бас нэг хүн маань байхгүй болсон. Сэтгэл зүрхээрээ намайг хайрлаж, би ч Пүрвээ гуайг хайрлаж явсан даа. Ийм л уран бүтээлч” хэмээн дурсчээ. Харин тэд одоо тэнгэрийн оронд хуучин цагаа дурсан хөөрөлдөж суугаа нь дамжиггүй биз.

Тэгвэл ардын жүжигчин, нэрт найруулагч Бирваагийн Мөнхдорж агсан түүнийг дурсахдаа

“Маш нууц” гэдэг нэртэй миний дипломын жүжгийн гол дүр болох Равсал нэртэй яргачин, дотоод яамныхныг үзэн ядсан, Японы цэргийн газар яргачин болж, үүгээрээ бахархсан ийм хүний дүрд тоглосон. Тэр сэтгэлийн хослол, өргөн цар хүрээг нулимстай гаргаж ирсэнд би цочирдож байлаа. Дүрийг бүтээхдээ гаднаас нь, дотроос нь урлахын тулд дүрийнхээ сэтгэхүйн ертөнцийг олохын төлөө байдаг олон сайхан дүрийг дурдахад би бэлэн байна. Жишээ нь, “Унаган хайр” жүжгийн Надмид даргын дүрийг гаргахдаа хүнлэг сэтгэл, хайр гэдэг асуудлыг өөрийн бодлоор хэлж, тайлбарлаж байснаараа дүрийг өөрөөр баяжуулсан байдаг юм. Нэг ёсондоо дүрийн хувиралд онцгой хувь нэмэр оруулж чаддаг жүжигчин гэж ам бардам хэлж чадна. Түүхэнд хоногшсон Дандар гэж дүр байлаа, “Шинэ зам” жүжгийн. Ард түмэн тэр дүрээр нь хүлээж авсан. Өөрийнхөө бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяасаараа дүрээ маш сонирхолтойгоор гаргаж ирсэн байдаг юм. Уг жүжигт гавьяат жүжигчин Лхамхүү, Пүрвээ гуай нар тоглож олны хүртээл болгосон байдаг” хэмээн ярьжээ.

З.Пүрэв гавьяат жүжигчнээс гадна үйлчин, уран нэгэн байсан аж. Ямарсайндаа хүүхдийнхээ формыг өөрөө оёчихдог байж. Бас шаггүй сайн зурагчин. Зураг авах хоббиндоо хөтлөгдөн үнэтэй аппаратанд хөрөнгө хаях дуртай нэгэн байсныг түүний хүү П.Идэртогтох дурсан ярив. Тэр ч бүү хэл нүүрний будалтыг хэнээс ч дутахгүй сайн хийдэг байсныг гавьяат жүжигчин С.Дамдин гуай ийн өгүүлсэн. “Будаг их сайн тавина. Лувсанжамц, Байды гуай гэх мэт будганд сайн хүмүүс байсан. Будгаар өөрийгөө гайхалтай өөрчилж чадна, бас дууны өнгө, тайз, үзэгч хоёрын хоорондох харьцааг нарийн тооцдог жүжигчин байлаа” гэв. Үйлэнд уран хүн хэзээнээс цэвэрч нямбай байдаг бичигдээгүй хуультай. Яг энэ хуулиар З.Пүрэв агсан ёстой нэг цэвэрч, нямбай нэгэн байсан гэдэг.

Түүний бүх зүйл эмх цэгцтэй байдаг байсан гэнэ. Ялангуяа гутал нь гял цял. Өөрөө гутлаа тослоогүй, гутал нь тоостой хүнийг үзэж чаддаггүй нэгэн байж. Ийм л хүнийг бид өнөөдөр “Мартахгүй” буландаа дурсан санаж байгаа юм. Тэр олон түмэнд Сэмбээ нэрээрээ танигдсан. Энэ талаар түүний хүү П.Идэртогтох “Сургуулийн журнал дээр миний нэрийг Сэмбээгийн Идэртогтох гэж бичсэн байдаг юм. Зарим багш аавын дүрийнх нь нэрээр намайг овоглодог байж. Би ч заримдаа дэвтэр дээрээ Сэмбээгийн Идэртогтох гээд биччихнэ. Гудамжинд явж байхад “Сэмбээ, Сэмбээ” гээд хүүхдүүд их тоглоно. Аав ч хариуд нь дүрдээ хувирч тоглодог тийм л сайхан наргианч, алиа хошин зантай, нийтэч хүн байсан даа. Би тэр үед баатар хүний хажууд яваа юм шиг бахархдаг байлаа” гэж дурслаа.

Тэрбээр мөн “Аавтайгаа байх дурсамж бүхэн сайхан байлаа. Миний аав сайхан насалсан. Тэр бүгдэд хамт байсандаа, хамт дурсамжаа бичсэндээ баярлаж, бахархаж байна даа. Урт удаан, сайхан наслаад тэнгэрт хальсан болохоор сэтгэл өег байдаг. Харамслыг маань ард түмний дунд үлдсэн дүрүүд нь их тайтгаруулдаг” гэлээ. Байгаа байдлаараа хүнийг инээлгэж, хөгжөөж, элэглэж явдаг асан түүний гэмгүй цагаахан инээд, дэндүү сайхан сэтгэл, сайн чанаруудыг мэдэхгүй хүн цөөн. Зундуйн Пүрэв ард түмнийхээ хайртай жүжигчин байгаад зогсохгүй, ачлалт хань, сайн аав байж чаджээ. Үр хүүхдүүдээ ухаанаараа хүмүүжүүлж, улс эх орондоо хэрэгтэй хүн болохыг цаг ямагт сануулж, захиж явсан төдийгүй үзэгч түмнээ ч өдгөө уран бүтээлээрээ хүмүүжүүлсээр явна. Үүнд л урлагийн жинхэнэ гайхамшиг, уран бүтээлчийн охь авьяас оршиж байдаг байх. Өөрийн төрсөн дүү болох гавьяат жүжигчин З.Галсанданзантайгаа хамт “Тэмцэл” кинонд дүрээ мөнхөлснөөрөө үргэлж бахархдаг байсан З.Пүрэв агсны эгэлгүй нандин авьяас, эгнэшгүй мөнхийн бүтээлээрээ өдгөө ч үзэгч түмэнтэйгээ уулзаж, уран бүтээлийн онгод хийморио олон түмэндээ түгээсээр байна. Ургах нарны туяа мэт урлагийн мөнх хөх тэнгэрт уран бүтээл тань улам их мандан бадарч байх болтугай.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.