СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-03-12

Б.Мягмарсүрэн: Ханийн минь орон зай одоо ч үгүйлэгддэг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Г.Пүрэвсүрэн

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мягмарсүрэнтэй Монголдоо ирэнгүүт нь уулзаж цөөн хором ярилцлаа. Тэрээр хүүхдүүдийн хамт Франц улсад амьдарч, ажиллаж байгаа билээ.

-Танаар сонин сайхан юутай байна. Хэзээ ирэв?

-Би ирээд арав гаруй л хонож байна. Одоо хэд хоногийн дараа буцна даа.

-Та Францад их удлаа. Суурин байх уу?

-Манай гэр бүл 2005 онд явсан гэж бодохоор 14 жил болчхож. Хүүхдүүд сургуульд сурч байгаа болохоор бид Францад суурин байгаа.

-Таны сүүлд хийсэн тоглолт хэр болсон бэ?

-Түрүү жил ханийнхаа 65 насны ойн хүндэтгэлийн тоглолтыг хийсэн. Францад хамт тоглодог хөгжимчидтэйгээ ирээд гурван тоглолт хийсэн л дээ. Тоглолтууд их гоё болсон. Манайхан франц хөгжимчдийг их гоё хүлээж авсан. Манай Түмээгийн дуунууд аугаа гоё бүтээлүүд байдаг болохоор үзэгч түмэн, ирсэн дуучид үнэхээр сайхан хүлээж авсан.

-Та Францад дуулж байгаа юу?

-Дуулж байгаа. Бас Францын 10 жилийн сургуулийн бага насныханд Монголын соёл урлагийг таниулах хичээл заадаг.

-Та чинь багш болчихсон юм байна шүү дээ?

-Тэгсэн. Би Парисын Дорно дахины хэл иргэншлийн хүрээлэнд долоон жил багшилсан. Сүүлийн нэг жил сурагчдад Монголын соёл урлагийг таниулах хичээл зааж байна. 

-Та Монголдоо байхдаа их эрэлттэй, чөлөө завгүй л дуулж явдаг байсан. Амьдралын хэмнэлээ өөрчлөхөд ямар байсан бэ?

-Тийм ээ, байнга л дуулж, уран бүтээлээ хийдэг байлаа. Тэгээд “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг шиг тэндээ дасан зохицоод амьдарч байна. Ерөнхийдөө бид Парис явах талаар олон жил бодож, судалж байсан л даа. Францчууд дуучдыг байгаагаар нь хүлээж авах дуртай. Манайд бол тайзны урлаг тал руугаа нэлээн ажилладаг. Гэхдээ яах вэ тэнд ардынхаа дууг, дуурийн хэсгүүд дуулна. Монголчууддаа поп дуунуудаа жаахан дуулж байна даа.

-Та Францад удаан амьдарлаа. Франц орон, франц хүмүүстэй танилцаад, соёл, харилцаанд нь дассан байх. Одоо ахуй орчинд нь уусч байна уу?

-Угаасаа тэгэхгүй л бол “жийгдэнэ” шүү дээ. Тийм соёл өндөр хөгжсөн газарт чинь яг тэр хүмүүсийн адил хурдтай амьдарч, зүтгэнэ гэдэг бидэнд хэцүү л байдаг. Гэхдээ хичээгээд явж л байна.

-Хөгжилтэй орны олон зуун жилийн соёлын хөрс рүү нэвтэрч ороод, багш болсон гэхээр үнэхээр бахархалтай санагдаж байна. Та франц хэл хэр сурав?

-Одоо бол франц хэлийг сайн сурсан. Сурахад төвөгтэй, хэцүү хэлний тоонд ордог болохоор амаргүй л байсан. Хоёр хүүхэд маань надад тусалж, дуулах, хүмүүстэй харилцах тал дээр зөвлөж, тэднээсээ ихийг сурч байна шүү дээ. Бага хүү маань Парист төрсөн. Одоо 12 хүрч байна.

-Та гэртээ ирээд явах зууртаа сурсан соёлоо түгээж байгаа биз дээ?

-Тэгнэ шүү дээ. Би Монголдоо франц хэл, соёл заадаг. Олон компанийн хүсэлтээр хүмүүстэй францын соёл, амьдрал ахуй, урлаг уран сайхан, түүх соёлоос үзсэн харснаа хуваалцаж байна. Одоо “Хайрын тэнгэр чамайг орхидоггүй” гэж шинэ дууны клипэн дээрээ ажиллаж байна. Удахгүй үзэгчдэд хүрнэ. Тэр клипээс Мягмарсүрэн юу хийж, яаж явна вэ гэдэг нь харагдах байх аа.

-Клипний зураг авалтаа хэзээ хийв?

-Одоо хийгээд л явж байна. Би өдөр тутмын эрч хүчтэй мундаг эмэгтэйн дүрийг гаргах гэж хичээж, ажиллаж байгаа. Одоо бидний насныхан илүү эрч хүчтэй байхгүй бол болохгүй байна.

-Яагаад?

-. Өөрсдийгөө яагаа ч үгүй гэрт суулгах хэмжээнд аваачиж болохгүй. Дээр үеийн 40, 50, 60-тай хүмүүс нэлээн оворжуу харагддаг байсан. Гэтэл одоо нийгмээ дагаад улам залуужаад байгаа. Тэгэхээр бид хаа байсан юм, бууж өгөхгүйгээр, эрч хүчтэй амьдрах ёстой.

. Тэгэхээр тэр зүйлс, амьдралын хэв шинжийг Монголд авчрах хэрэгтэй байна л даа. Манайхан ч ялгаагүй чөлөөт цагаа гоё өнгөрүүлдэг болсон байна. Тийм болохоор яагаа ч үгүй эмээ өвөөгийн ажил хийгээд суулгүй эрч хүчтэй байх хэрэгтэй. Тэгж байж л урт насална, жаргана, амьдрал улам амттай болно шүү дээ. Манайхан арай эрт, 50, 55 настайдаа тэтгэвэрт гарах юм, тийм ээ?

-Манайхан тэтгэврийн насыг нэмлээ гээд уурладаг шүү дээ. Тэр нь дундаж наслалтын байдлаас л шалтгаалж байх шиг байгаа юм.

-.

-Та их гоё харагдаж байна. Нэлээн жин хасчээ. Чөлөөт цагаараа юу хийж байна?

-Би фитнесст яваад хоёр сарын хугацаанд л ийм гоё боллоо. Бодибилдингийн Азийн хоёр удаагийн аварга Сарангуа багштай хичээллэж, заавар зөвлөгөөнийх нь дагуу хичээгээд их гоё хөнгөрч, өөртөө таалагдаж байгаа. Манайд сайн багш нар, дасгал сургууль хийх орчин байна. Илүүдэл жинтэй хүн бол өөрөө хичээх, дасгал хийх л хэрэгтэй.

-Та залуу байхын л их нухацтай, гоё ярьдаг байсан. Одоо улам л ухаантай болсон байх. Франц оронд очлоо, жаргал зовлон, хагацал ч үзлээ. Ингээд бодоход тэнд очих ёстой байсан ч юм уу, хувь заяаны тохиол гэдэг ч юм уу, тийм юм байсан болов уу?

-Бид “Урд насандаа та хэн байсан бэ. Юу хийж явсан бол” гэдэг асуултад цочдоггүй. Хүн бүрт нэг тийм зэрвэс бодол, төсөөлөл байдаг шүү дээ. Хөгжилтэй дурсамж хэлэхэд, Түмээ бид хоёр яг тэгж үзсэн чинь манай нөхрийг “Урд насандаа сурвалжит франц бүсгүй байсан” гэж гараад. Түмээ түүнийг сонсоод “Тэгээд л бид Парист ирчихсэн юм байна шүү дээ” гэж ярьдаг байсан.

-Сонин тохиолдол байна шүү?

-Сонин шүү дээ. Бид хоёр түүнийг ярьж их хөгжилддөг байсан. Амьдралд, бас тэгээд хүлээгээгүй эвгүй юм үзсэн л дээ. Би нэг хэсэг их ганцаардаж, уйлж, үймэрч явлаа. Одоо ч гэсэн надад тэр хүний орон зай аягүй үгүйлэгддэг...(Хэсэг чимээгүй болж, нулимсаа арчив)

-Гэхдээ цаг хугацаа энэ бүхнийг даван туулахад тусалж байна уу?

-Үгүй юм байна. .

-Уучлаарай, эмзэг сэдэв хөндчихлөө. Тэр хүнийг орлох хүн гэж хаа байх вэ дээ. Хөөрхөн хүүхдүүд чинь байгаа шүү дээ?

-Тийм ээ. Миний хоёр хүүхэд чинь их ухаантай, ээжийгээ ерөөсөө уйлуулдаггүй. “Ээж ээ, гоё дуртай юмаа хий” гээд л. Харин намайг жин хассанд их дургүй байгаа. Сарангуа багш маань хоолны дэглэм өгөөд, тэгээд гэртээ очоод хөргөгчөө онгойлгоод үүнийг идэж болохгүй, уухгүй, тэр нь болно гэсэн чинь хөвгүүд маань ”Хөөх ээж та гоё л байсан шүү дээ. Яах гэж турсан юм. Та тарган нь хөөрхөн л байсан шүү дээ” гээд. Гэхдээ бүх дуртай зүйл, чипс ундаа, кола гээд л бүгдийг хорьсон.

-Та цаашдаа ч ирэн очин байх юм уу?

-Хүний төрсөн нутаг гэдэг үргэлж сэтгэлд уяатай байдаг. Цаашдаа олон гоё ажил хийхийн тулд ирж, очоод л явна даа.

-Та Монгол Францын соёлын элч болж байгаа юм байна даа?

-Зарим хүн харилцаа, соёлын гүүр болж байна гэсэн, их сайхан санагдсан. Намайг хайрлаж хүндэлдэг, сайхан үгсээ харамгүй хэлдэг хүмүүст талархаж, хичээж явдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам л даруу, энгийн байхыг эрхэмлэх болдог юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.