Б.Пүрэв
УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх даваа гарагт эхлүүлэхээр товлоод байгаа. УИХ-ын Тамгын газраас өгсөн мэдээллээр бол татварын шинэчлэлтэй холбоотой хуулиуд болон тендер, ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр болжээ. Үүн дээр олны анхаарлыг татаж буй хоёр сэдэв нэмэгдэж байгаа юм. Түүний нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлаар УИХ-аар хэлэлцүүлэх албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Үүний дагуу УИХ-ын даргын захирамжид ээлжит бус чуулганаар дээрх асуудлуудыг хэлэлцүүлэхээр тусгажээ. АТГ-ын даргыг хэлэлцэх асуудал нэлээд ширүүн болох болов уу.
Нөгөөх нь Улсын ерөнхий прокуророос Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, М.Оюунчимэг, Н.Оюундарь, Х.Нямбаатар, Х.Болорчулуун нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөсөн тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн нь юм. Угтаа энэ хоёр асуудал ирэх даваа гарагт эхлэх ээлжит бус чуулганы хоёр гол “даваа” болж таарна. Олон нийтийн анхааралд орсон гэдэг утгаараа шүү дээ. Зэвсэгт хүчний Жанжин штабын өмнөх дарга дэслэгч генерал Д.Давааг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн Цэргийн бодлогын зөвлөхөөр томилсон. Түүний оронд хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилох саналаа УИХ-д хүргүүлээд байгаа.
Ээлж дараалан цэрэг амь насаа алдсан явдал гарсан нь тус байгууллагыг яаралтай эзэнтэй болгох шаардлага үүсгэсэн байх. Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх асуудал бол хуулийнхаа хүрээнд болж буй явдал. Нэг үгээр хугацаа дуусчихаад байгаа. Харин Авлигатай тэмцэх газрын дарга дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх бол нэлээд ээдрээтэй шүү. Хэдийгээр АТГ анх байгуулагдахдаа улс төрөөс ангид, зөвхөн хуульд л захирагдах хүчин хэмээн тодорхойлогдож байсан ч төдийгөөс өдий хүртэл удирдах албан тушаалтныг нь аль Ерөнхийлөгчийн үед томилсон бэ гэдгээр цоллож ирсэн. Магадгүй өрсөлдөгч эсвэл өстнөө намнах бүр ядаж өөрийн талынхнаа хаацайлж, хамгаалахад тус байгууллага хэрэгтэй байж болох юм. Тиймээс ч АТГ-ын анхны дарга Б.Дангаасүрэнгийн нууцлаг үхлийг олон нийт сонирхдог. Мөн тус байгууллагын даргаар ажиллаж байсан Ч.Сангарагчаа хуулийн хариуцлага үүрч, шоронд орж байлаа.
Мөн Н.Ганболд хурандаа өөрийн хүсэлтээр ажлаа өгч байв. Ийнхүү тус байгууллагын удирдлагууд ямар нэгэн шалтгаанаар хуулийн хугацаагаа дуусгадаггүй жишиг өнөөдөр АТГ-ын дарга Х.Энхжаргалд тулж ирээд байна.
Ерөнхийлөгчийн зүгээс "30 гэр бүл”, “60 тэрбум”, “оффшорчид” гэх нэр томьёоллуудыг оруулж ирээд үүнийг шийдэхэд саад болж буй АТГ-ын даргыг солих нь зүйтэй гэсэн мессэж ил, далд хэлбэрээр эртнээс хаяж байгаа. Наад зах нь ахмадын холбооны гэгддэг Г.Баасан Ерөнхийлөгчийн захирамжаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд томилогдож улмаар даргаар нь сонгогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Тэрбээр өнгөрсөн хугацаанд АТГ-ын даргын булхайг илчлэх чиглэлээр нэлээд шаргуу ажилласан нь ч сэжигтэй. Энэ бүхнийг Х.Энхжаргал гэдэг хүнийг албан тушаалаас нь буулгах үйл явцтай уялдуулж харъя гээд байгаа хэрэг. Түүний бүрэн эрхийн хугацаа дууссан гэдэг шалтгаанаар солих асуудал өнгөрсөн жилийн өдийд мөн сөхөгдөж байлаа. Бүр түүний оронд хэнийг томилбол зохимжтой талаар Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хаяг дээр санал асуулга явуулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир олон хүний санал авч байв.
Гэхдээ асуудал нь мөн л АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан уу гэдэг асуулт дээр гацсан юм. Тодруулбал,
Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ" гэж заасан байдаг.
Дээрх хуулийг Ерөнхийлөгийн Тамгын газар үзэхдээ нөхөн томилогдсон албан тушаалтан өмнөх албан тушаалтныхаа бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллах ёстой гэж тайлбарлан саналаа УИХ-д оруулсан. Хэрэв энэ өнцгөөс харах юм бол АТГ-ын өмнөх дарга Н.Ганболдын 2011 оны арваннэгдүгээр сарын 17-нд томилогдсоноос хойш тооцож Х.Энхжаргалыг огцруулах болж байна.
АТГ, прокурор, шүүхийг томилох замаар мөрдөх, хянах, шүүх эрх мэдлийг нэг хүн атгандаа оруулдаг юм биш биз гэсэн үг. Нэгэн цагт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлж байсан тэр “хонгил” Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид үнэхээр байсан бол одоо тэр “хонгилын түлхүүр”-ийг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга авах гээд байгаа юм биш байгаа.
Харин өнгөрсөн жилийн тухайд тэр үеийн УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн саналд “Уг саналтай Хууль зүйн байнгын хороо танилцаад хуульд нийцэхгүй байна” гэсэн хариуг албан бичгээр өгч байв. Нэг үгээр Авлигын эсрэг хуулийн 21.1-д заасны дагуу Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа ажлаа авсанаас хойш зургаан жил үргэлжилнэ гэж үзсэн хэрэг. Ийнхүү УИХ, Ерөнхийлөгчийн байр суурь эсрэгцээд байлаа. Харин энэ удаагийн ээлжит бус чуулганд Ерөнхийлөгч дахин оруулж ирлээ.
Мөн УИХ-ын дарга ч солигдчихоод байгаа. Тэгэхээр ямар нэгэн боломж бий гэж харсан ч байж болох. Үүний хажуугаар олон нийтийн дунд нэгэн хардлага амь бөхтэй оршиж байгаа юм. Тэр нь өнөө “шударга бусын хонгил” гэгч зүйл үнэхээр байдаг уу гэдэг асуулт. АТГ, прокурор, шүүхийг томилох замаар мөрдөх, хянах, шүүх эрх мэдлийг нэг хүн атгандаа оруулдаг юм биш биз гэсэн үг. Нэгэн цагт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлж байсан тэр “хонгил” Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид үнэхээр байсан бол одоо тэр “хонгилын түлхүүр”-ийг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга авах гээд байгаа юм биш байгаа. Тийм ч болохоор Ц.Элбэгдоржийн үед томилогдсон Х.Энхжаргалыг Х.Баттулгын үед солихоор улайраад байна уу гэдэг таамаг гарах болсон. Угаасаа маргааны гол нь энэ болохоор хэрхэн шийдвэр гарахыг УИХ-ын ээлжит бус чуулганаас харах нь ээ.
Бичвэрийн эхэнд дурдаад орхисон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудал руу эргээд ороход Улсын ерөнхий прокуророос өмнө нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Б.Батзориг нарын гишүүнийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудалтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хөндсөн. Гэвч УИХ-ын Байнгын болон Дэд хороод түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн билээ. Одоо дээр нь дахиад таван гишүүн нэмэгдэж орж ирвэл парламентын хувьд мэдээж “халуухан” байх нь дамжиггүй. Дээр нь АН-аас ээлжит бус чуулганаар ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан мэдэгдэл гаргачихаад байгаа. Тэдний хувьд нийгмийн дуу хоолойг ч дагасан, ирэх оны сонгуулиа бодсон ч энэ сэдвийг зүгээр орхихгүй нь тодорхой.
Мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээнд үнэмших юм бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Н.Оюундарь, Х.Болорчулуун нарын асуудал энэ удаад хөндөгдөх нь. Эргэн сануулахад, өмнөх таван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр УЕП М.Энх-Амгалан “Манай байцаагчдыг дарамталсан, хэл амаар доромжлоод гарсан хүмүүс бий. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирнэ” гэж байлаа. Одоогоор 23 гишүүн дээрх асуудалтай холбоотойгоор шалгагдаж буй. Чухам хэн гэдэг төрийн түшээ тийм авир гаргасныг таахад бэрх. Харин олон нийтийн мэдэж буйгаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Оюундарь нар өөрсдийн хамаарал бүхий компаниар дамжуулан авсан ЖДҮХС-гийн зээлээ төлөөд байгаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Х.Нямбаатар нарын хувьд өөрсөдтэй нь холбоотой ЖДҮХС-гийн зээлийг үгүйсгэж байлаа. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд ЖДҮХСгаас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн хахууль авсан гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл цацагджээ. Хэрэв энэ үнэн бол зээлийн асуудалд шударга бус хандсаны дээр авлига авсан байж болзошгүй болж хувирна. Эрхэм гишүүн оны дараахан унаач хүүхдүүдийн асуудал дээр шударга ёс ярьдаг, уламжлалт морин уралдаан, морины ажлыг шүүмжилж бараг л аймшигтай зан үйл мэт байдлаар чуулганы танхимд үг хэлж байлаа. Харин өөрөө дээр дурдсан байдлаар асуудалд холбогдсон нь үнэн бол шударга ёс гэж ярихад ч хүнд билээ. Эдгээрээс харахад УИХ-ын ээлжит бус чуулган тун ширүүн болох төлөвтэй байна. Хэн нь ялж, ямар “шударга ёс” тогтохыг ирэх долоо хоногоос харах л үлдэж байна даа.