УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж ЖДҮХС-тэй нэр холбогдсон дараагийн таван гишүүний нэрийг УПЕГ-аас оруулж ирэх гэж байгаа талаар мэдээлсэн юм. Тэгвэл түүний хэлсэнчлэн ЖДҮХС-тай нэр холбогдсон гэх дараагийн таван гишүүний нэр яригдаж эхэлжээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийх үеээрээ,
“...одоо УИХ-д нэрийг нь оруулж ирэх таван гишүүний дунд миний таньдаг эмэгтэй гишүүн ч байна. Тэр гишүүн 120 сая төгрөг авчихаад бэлэглэлийн гэрээ хийчихсэнийг нь хуулийнхан бэхжүүлээд, шившгээ тариад явж байгаа юм билээ. Бас нэг нөхөр нь АТГ-ын даргыг ална, хядна гэж сүрдүүлээд...тэр нь бас бэхжигдчихсэн юм байна билээ. Дараагийн тав бол шившгийн тав орж ирэх юм шиг байна. Би худлаа яриагүй шүү. Угаасаа эд хулгай хийсэн хүмүүс шүү дээ. Нийт 23 гишүүн байгаа юм билээ. Тав таваар нь оруулж ирэх бололтой” хэмээн ярьсан юм.
Харин түүний онцолсон “дараагийн тав” хэн бэ гэх таамаг өрнөж, зарим хэвлэлүүд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, Н.Оюундарь, М.Оюунчимэг нарын нэрсийг ч дурджээ.
Харин Авлигатай Тэмцэх Газар/АТГ/ болоод Улсын Прокурорын Ерөнхий Газар/УПЕГ/-аас ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх нэрс үнэн худал эсэх нь хараахан тодорхойгүй гэсэн үг. Ямартай ч УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоног буюу энэ сарын 18-наас эхлэхээр энэ асуудал илүү тодорхой болох бололтой.
Уншигчдадаа мэдээллийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Б.Батзориг нарыг ЖДҮХС-аас өөрийн нэр, нөлөөгөө ашиглан хамаарал бүхий хуулийн этгээдэд их хэжмээний зээл авч өгсөн гэж үзэн УПЕГ-аас бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д тавьсан юм. Харин УИХ бүрэн эрхээс нь түдгэлзүүлэлгүй авч үлдсэн бөгөөд дээрх гишүүд хууль, хяналын байгууллагын ажилд саад учруулахгүйгээр байцаалт өгөхөө амласан. Гэвч дуудсан цагт ирээгүй, ажилд саад учруулсан гэх үндэслэлээр дээрх гишүүдэд яллах дүгнэлт үйлдүүлж байгаа талаар АТГ-аас мэдэгдэл гаргаж байсан ч УИХ-ын ээлжит чуулган зөвсарласнаар түр намжаад байгаа билээ.