Форбес сэтгүүлийн 2018, 2019 оны тэрбумтнуудын жагсаалтыг Амазоныг үүсгэн байгуулагч Жэфф Безос тэргүүлж дэлхийн хамгийн баян эрээр нэрлэгдээд байгаа билээ. Түүний хөрөнгийг 131 тэрбум ам.доллар гэж сэтгүүлийн хамт олон тогтоосон.
Безос орчин цагт амьдарч байгаа хамгийн чинээлэг эрхэм мөн боловч бүх цаг үеийн хамгийн баян хүн гэсэн үг биш юм. Бидний оршин амьдарч буй энэ цаг үеэс өмнө 14 дүгээр зуунд Баруун Африкт байсан Манса Мусаг бүх цаг үеийн дэлхийн хамгийн баян эрхэм хэмээн нэрлэжээ.
-Калифорнийн их сургуулийн түүхийн ухааны дэд профессор Рудольф Бач "Мусагийн хөрөнгийн хэмжээг орчин цагийн мөнгөнд хөрвүүлэх амаргүй, яг чухамдаа хэр хэмжээний хөрөнгөтэй байсныг нь бодитоор тооцох аргагүй" гэж ярьсан байна.
-Money.com сайтад 2015 онд нийтлэгдсэн "Африкийн хаан" өгүүлэлд Жэкоб Дэвидсон "Манса Муса хэн бүхний төсөөлж болохуйцаас ч баян байсан" хэмээн бичжээ.
-Америкийн Celebrity Net Worth цахим хуудсанд 2012 онд Мусагийн хөрөнгө орчин цагийн 400 тэрбум ам.доллартай тэнцэхүйц байсан гэж бичсэн байдаг ч эдийн засгийн түүх судлаачид уг эрхмийн хөрөнгийг тоон дүнд шилжүүлэх боломжгүй гэж үздэг байна.
Манса Муса нь 1280 онд захирагчдын гэр бүлд төрсөн. Түүний ах Манса Абу-Бакр Малигийн эзэнт гүрнийг захирч байгаад 1312 онд судалгаа шинжилгээний ажлаар аялалд гарч удирдагчийн үүргээс татгалзжээ. Абу-Бакр 2,000 усан онгоц, мянга мянган эрэгтэй, эмэгтэй боолын хамт Атлантын далайг гатлахаар хөдөлсөн ч эргэж ирээгүй гэдэг. Зарим эрдэмтэн түүхчид түүнийг өмнөд Америк тивд хүрсэн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн ч нотлогдоогүй юм.
Ахыгаа аялалд гарсны дараа Манса Муса Малигийн эзэнт гүрнийг захиран суух болжээ. Түүний захиргаадалтын үед эзэнт гүрэн асар өргөн уудам нутаг дэвсгэрийг эзлэн орших болж, хөгжин цэцэглэж Тимбукту зэрэг 24 хотыг нэгтгэсэн байна. Атлантын далайгаас авахуулаад орчин цагийн Нигер, Сенегал, Мавритани, Мали, Буркино Фасо, Гамбиа, Зааны ясан эрэг, Гвиней зэрэг улсууд байсан нутаг дэвгсэрт тархан суурьшжээ.
Энэ газар нутаг алт, давсны асар их орд нөөцтэй. Мусагийн үед Мали улсын эзэнт гүрэн дэлхийн алтны тэн хагасыг эзэмшдэг байсан тухай Британийн музей мэдээлсэн байна. Мэдээж улсын бүх хөрөнгө эзэн хааны мэдлийнх ажээ.
Манса Муса исламын шашинтай бөгөөд ариун мөргөлд оролцохоор Меккаг зорьж Сахарын элсэн цөл, Египет улсыг туулах болсон юм. Хаан уг аялалд гарахдаа 60,000 хүн цувааг дагуул болгожээ. Үүнд эзэн хааны шүүгчид, албан тушаалтнууд, цэрэг дайчид, худалдаачид, 12,000 боол тэдгээрийн замд идэж хэрэглэх хонь, ямаа бүгдийг зэхсэн байна. Түүхчид үүнийг цөлөөр нүүж буй хот хэмээн нэрлэжээ.
Аян замын туршид Египетийн нийслэл Каир хотод саатахад бараг сүйрч байсан эдийн засаг арван жилд байгаагүйгээр өсчээ. Хаа явсан газраа алт цацаж байснаас зарим ард иргэд түүнийг улсын хөрөнгийг гадагш зарцуулж буйд дургүй байсан гэж Лондоны их сургуулийн Африк судлаач эрдэмтэн Люси Дуран өгүүлжээ. Мека явах аялалд асар их хэмжээний алт зарцуулсан ч үүний ачаар Манса Муса өөрийгөө болон Мали улсыг 1375 оны "Каталан Атлас" газрын зурагт багтаасан юм. Африкийн алтан хааныг алтан титэмтэйгээр Тимбуктуд сууж гартаа алт атгасан байгаагаар зуржээ.
Тэрээр Мекагаас ирэхдээ исламын эрдэмтэд, яруу найрагчдыг авчирсан байна. Түүхийн эх сурвалжид бичсэнээр хаан дагуулж ирсэн яруу найрагчдаа 200 кг алт буюу өнөөдрийн ханшаар 8,2 сая ам.доллар өгч байжээ. Мөн урлаг, уран барилгыг хөгжүүлэхээс гадна сургууль, номын сан, сүмүүдийг олноор барьж Тимбукту хот төд удалгүй дэлхийн боловсрол, аялал жуулчлалын төв болсон юм.
Дэлхийн хамгийн баян хаан Манса Муса 1337 онд 57 насандаа таалал төгссөний дараа хөвгүүд нь эзэнт гүрнийг өвлөн авсан ч нэгтгэн захирч чадаагүй. Бүх цаг үеийн түүхэнд хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх 10 хүнийг танилцуулъя.
1. Манса Муса /1280-1337 онд амьдарч байсан, хөрөнгийн хэмжээг тогтоох боломжгүй/
2. Аугустус Цезарь /МЭӨ63-МЭ14 онд Ромын эзэнд гүрэнд амьдарч байсан, хөрөнгийн хэмжээ 4,6 их наяд ам.доллар/
3. Зао Шу /1048-1085 он хүртэл Хятадад байсан, хөрөнгийн хэмжээг тодорхойлох боломжгүй/
4. Анхдугаар Акбар /1542-1605 онд Энэтхэгийн Мугхал эзэнт гүрнийг захирч байсан, хөрөнгийн хэмжээг тооцоолох боломжгүй/
5. Эндрю Карнег /1835-1919 онд амьдарч байсан Шотланд гаралтай Америкийн аж үйлдвэр эрхлэгч, хөрөнгийн хэмжээ 372 тэрбум ам.доллар/
6. Жон Д Роккерфеллер /1839-1937 оны хооронд амьдарсан Америкийн бизнес эрхлэгч, хөрөнгийн хэмжээ 341 тэрбум ам.доллар/
7. Николай Александрович Романов /1868-1918 оны хооронд Оросын хаан байсан, хөрөнгийн хэмжээ 300 тэрбум ам.доллар/
8. Мир Осман Али Хан /1886-1967 онд Энэтхэгийн хааны удамд байсан, хөрөнгийн хэмжээ 230 тэрбум ам.доллар/
9. Уильям Конкүэрор /1028-1087 он, хөрөнгийн хэмжээ 229 тэрбум ам.доллар/
10. Муаммар Каддафи /1942-2011 он Ливийн удирдагч, хөрөнгийн хэмжээ 200 тэрбум ам.доллар/
Эх сурвалж: www.bbc.com