Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр УИХ дахь тус намын бүлгийг тараах мэдэгдлээ хаврын чуулган эхлэнгүүт өргөн мэдүүлэх гэж байгааг хэллээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Хаврын ээлжит чуулган эхлэнгүүт /2019 оны дөрөвдүгээр сарын 05/ бид бүлгийнхээ үйл ажиллагааг дуусгавар болсныг албан ёсоор мэдэгдэж УИХ-ын даргад албан бичгээ өргөн барина. Манай намын бүлгийн гишүүн Л.Болд өөрийнхөө сонголтыг хийсэн юм шиг байна. Бид хувь хүний сонголтыг хүндэтгэнэ.
Гэхдээ ардчилсан намын бүлэг байхгүй боллоо гээд Ардчилсан нам байхгүй болохгүй. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдгаараа явуулна. Ганц л боломж алдагдана. Энэ нь хууль хэлэлцэх явцад их хурал дахь намын бүлэг завсарлага авдаг боломж юм.
Бүлэг тараах хуулийн төслөө бэлдсэн байгаа. Гишүүд гарын үсгээ зурсан" гэлээ.
Дашрамд дурдахад Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуулиар есөн суудал авсан ч тус намын бүлгийн гишүүн Л.Болд улс төрийн сонголт хийж намаасаа гарах өргөдлөө өгсөн. Ардчилсан нам Л.Болд гишүүнийг намаас нь хассан тул УИХ дахь Ардчилсан намын бүлэг найман гишүүнтэй болж, бүлэг байгуулах эрхгүй болж байгаа юм.
Учир нь УИХ-д наймаас дээш суудал авсан нам бүлэг байгуулах хуулийн эрхтэй аж.