Умард Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийн том хүү, одоогийн удирдагч Ким Жон Уны эцэг нэг эх ондоотой ах Ким Жон Намын амь насанд хүрсэн гэх хэрэгт Индонезийн иргэн Сити Айся гэх эмэгтэйг Вьетнамын иргэн Доан Ти Хуоангийн хамт буруутгаад байсан юм.
Сити Айся нь 2017 онд Куала Лумпураас Макао руу явж байсан Ким Жон Намын нүүрэнд хорт бодис түрхсэн гэж үзээд байжээ. Куала Лумпурын нисэх буудал дээр байсан Ким Жон Нам нүүрэндээ ямар нэг зүйл түрхүүлсний дараахан бие нь тавгүйтэж, эмнэлэг явах замдаа амьсгал хураасан. Уг үйл явдлыг нисэх буудлын хяналтын камерт бичсэн байдаг.
АНУ-ын Засгийн газар түүнийг VX нэртэй хорт бодисоор хордуулсан гэж үзсэн. Мөн тухайн өдөр Малайзаас явсан Умард Солонгосын дөрвөн иргэнийг хэрэгт холбогдолтой гэж сэжиглэж байсан юм. Умард Солонгосын талаас аллагын хэрэгт ил далд аль ч байдлаар холбогдолгүй гэдгээ батлан мэдэгджээ.
Индонезийн иргэн Сити Айся нь найзуудын хамт худалдааны төв, кино театр, нисэх буудлууд дээр дэггүйтэж бусдын нүүрэнд юм түрхэж нэг төрлийн пранк хийж байсан хэмээн өмгөөлүүлсэн. Хэргийн мөрдөн шалгах ажлыг зогсоох хүсэлтийг нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр прокурорын газраас Малайзын шүүхэд тавьсан байна. Шүүх байгууллага хүсэлтийг нь хүлээж авснаар Индонезийн иргэнийг суллажээ.
Тэрээр "суллагдаж байгаадаа баяртай байна. тийм зүйл болно гэж огт мэдээгүй" хэмээн ярьсан байна. Малайзад суугаа Индонезийн элчин сайдын газраас аль болох түргэн хугацаанд иргэнээ нутаг буцаана гэжээ.
Хэрэв Сити Айся аллагын гэмт хэрэгт буруутан болсон бол ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял сонсох байсан юм.
Эх сурвалж: www.bbc.com