Этиоп Эйрлайнсын ЕТ302 нислэгийг үйлдэж байсан "Боинг 737 Мах 8" онгоц орон нутгийн цагаар ням гарагт хөөрөөд удалгүй осолдож онгоцонд байсан 157 зорчигч газар дээрээ амиа алдаад байгаа билээ. Харин уг осол нь ойрын таван сарын хугацаанд "Боинг 737 Мах 8" загварын онгоц хөөрөөд хэдхэн минутын дотор осолдсон хоёр дахь тохиолдол юм. Индонезийн Лион Эйр нислэгийн компанийн "Боинг 737 Мах 8" загварын онгоц өнгөрсөн оны 10 дугаар сард хөөрөөд 10 гаруй минутын дараа осолдож 189 зорчигч, хөлгийн багийн гишүүн амиа алдсан.
Удаа дарааллан гарсан осолтой холбогдуулан МИАТ компаниас "Боинг 737 Мах" загварын онгоцоор нислэг үйлдэхийг өнөөдрөөс эхлэн зогсоохоор болсноо албан ёсоор мэдэгдлээ. МИАТ-ын зүгээс ослын талаар тодруулга авахаар хүсэлтээ Боинг компани руу илгээсэн бөгөөд хариу ирэх хүртэл нислэгийг түр хойшлуулсан гэжээ.
Монголын нисэх хүчин энэ жил шинээр түрээслэх гурван онгоц "Boeing 737 Max" загварынх бөгөөд хоёрдугаар сарын 1-нд Монголд ирсэн энэ төрлийн онгоц нислэг үйлдэж байна. Түүнчлэн ирэх тав болон арваннэгдүгээр саруудад шинээр түрээслэх онгоцууд ч энэ загварынх байх юм.
Ослын дараахан яг энэ загварын онгоцуудыг ашиглахыг хориглосон өөр нэг улс бол Хятад. Хятадын нисэх хүчин даваа гарагийн 18 цагаас өмнө "Боинг 737 Мах 8" загварын онгоцуудаар нислэг үйлдэхээс түр татгалзах шийдвэр гаргасан байна. Хятадын Air China, China Eastern Airlines болон China Southern Airlines компаниуд 90 гаруй "Боинг 737 Мах 8" онгоцоор нислэг үйлддэг.
Хятадаас гадна Британийн Кэймэн Эйрвэйс компани нислэг үйлдэж байсан "Боинг 737 Мах" загварын хоёр онгоцоо ослын шалтгааны талаарх мэдээлэл тодорхой болтол түр газардуулаад байгаа гэжээ. Мөн Умард Америкийн хэд хэдэн нислэгийн компани ослын мөрдөн шалган ажлыг нарийн хянаж шаардлагатай бол энэ төрлийн онгоцоор нислэг үйлдэхээс татгалзана гэсэн юм. Southwest Airlines компани ийм төрлийн 31, American Airlines, Air Canada нар тус тус 24 ширхэг "Боинг 737 Мах" онгоцтой.
Боинг онгоцуудын дараагийн шинэ үе болон гарч ирсэн "737 Мах 8" нь анхны нислэгээ 2016 онд үйлдэж байсан, урт нарийн хэлбэртэй хос хөдөлгүүртэй. Энэ оны эхний нэг сарын байдлаар 350 ширхэг үйлдвэрлэгдсэн байна. Анхны худалдан авагч, хэрэглэгчид нь Southwest Airlines, American Airlines, Air Canada, Norwegian Air Shuttle нар юм.