СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-03-11

“Хайр гэж” тоглолтоос Поп дивагийн хүчирхэг хоолойг мэдэрлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Хүн бүрээс хайр цацарсан Мартын 8-ны орой монголын топ таван дива нарын нэг, дуучин бүсгүйн амьд тоглолтыг үзэхээр “The corporate hotel & Convention concert hall”-д морилон очсон юм. Тоглолтын үүдэнд хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүддээ зориулан Мартын 8-ны халуун мэндийг хүргэж улаан сарнай, улаан виногоор дайлав. Танхимд орж ирээд суудлаа олж тухлаад удаагүй ч үгүй танхмын гэрэл унтарч хөгжим нүргэлэн, тайзны урдаас Монголын рок попын дива, Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг “Хайр гэж” дуугаараа тоглолтынхоо салхийг хаглав. Сүүлийн зургаан жил өөрийн бие даасан тоглолтоо хийгээгүй, АНУ-т кино продюсерээр ажиллаж байсан түүнийг үзэгч олон танхим дүүрэн алга ташилтаар угтан авсан юм.

 

 

Тоглолтын эхний хэсгээс үзэгчдийг өөрийн уянгалаг хоолой, хүчирхэг дуугаралтаар өөртөө соронз мэт татахаас гадна би ийм л чансаатай поп дива дуучин гэдгээ баталсан.

Түүнийг ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө сайн үйлсийн аян хийж, тусламжийн гараа сунгадгийг мэдэх буй за. Хүн бүрийг хүүхдийн сайн сайхны төлөө байгаасаа гэсэн чин сэтгэлийн эрмэлзлээ илэрхийлсэн “Хүүхэд буруугүй” дуугаа Voice шоуны шилдэг оролцогч нар болон Хүүхдийн ордны найрал дууны ангийн хүүхдүүдтэй хамтран дуулав.

Хүн үргэлж өсөн дэвжин, өөрийгөө сорих хэрэгтэй гэдгийг дуучин Ж.Алтанцэцэг 2003 онд ардын дуунаас бүрдсэн цомгоо гаргах үеэрээ үзэгч олондоо таниулсан. Энэ ч үүднээс ардын дуу дуулсан бөгөөд “Хайр гэж” тоглолтын үеэр санамсаргүй нэгэн гэнэтийн бэлэг гарч ирэв. Учир нь техникийн саатлын улмаас хөгжмийн дуугаралт хэдэн минут саатсан юм. Энэ үед дуучин маань сандралгүй хөгжимгүй ч тайзнаас өөрийн хоолойгоор үзэгчтэйгээ олон улсын тэмцээнээс гурван гранпри шагналыг авч байсан “Мандах нар” дууг танхимд цугларсан үзэгчтэйгээ хамт дуулсан нь түүний дуунууд бид бүхний зүрх сэтгэлд хоногшсон үлдсэнийг санууллаа. Дуугаа гадарлаж биш доторлож, учирлаж, учиг зангидаж дуулдаг гэдгээ киноноосоо илүү дуу нь үзэгч олонд хүрсэн “Харьд одсон бүсгүйн заяа”, “Чинийхээ хайран жаргая” дуугаар мэдрүүлж чадсан юм.

Дуучин Ж.Алтанцэцэг өөрийн урын сандаа байгаа дуунуудаас шилж сорчлон дуулснаас гадна өөрийн шинэхэн уран бүтээлээ хүргэн үзэгч олондоо цаашид уран бүтээлээ хүргэхээ амлав. “Хайр гэж” тоглолтын чанар чансаа, ур хийц, найруулгатай бол ярих юм  байхгүй ээ. Яагаад томчууд On'n Off С.Ононбатаар тоглолтоо найруулах хүсэлтэй байдгийг ойлгосон.

Аливаа уран бүтээлийг амилуулна гэдэг тухайн дуучны мэдрэмж, авьяасаас улбаатай гэдгийг МУГЖ дуучин Х.Лхагвасүрэн, Ж.Алтанцэцэг нарын хамтран дуулсан “Алсаас чамдаа” дууг анх удаа тайзан дээрээс сонсоод дахилтын

Чамаас миний хайр дэлгэрнэ

Надаас чиний хайр гэрэлтэнэ... хоёр мөр аманд аялсаар үлдсэн юм.

 

Дуучин маань “Хүсэл мөрөөдөлдөө хүрээрэй” дуугаа эгшүүлсний дараа нэгэн залуугийн мөрөөдлийг биелүүлж буйгаа дуулгав. Гадаа гудманд өөрийн зохиосон дуугаа дуулдаг Пүрэвжаргал хэмээх залуугийн зохиосон дууг тайзнаа дуулж, урлагийн амжилт хүслээ.

Урлагийн алтан тайзан дээр анхлан гарахдаа “Мартагдашгүй намар” киноны Анхны хайр дууг дуулж байснаа дурсан дахин дуулсан нь түүнийг энэ урлагаас холдох болоогүй гэдгийг мэдрүүлж байв.

Дуучин маань нэг хүү, хоёр хөөрхөн охинтой билээ. Түүний том охин багаасаа урлагт хайртай, дуулах дуртай байсныг дуучин маань үргэлж дэмждэг байсан. Иймээс ч ээжийнхээ тоглолтын хамгийн өхөөрдөм дуучин, бүжигчин байв.

 

Ж.Алтанцэцэгийг нүдээ аниад сонсоорой, таны зүрхэнд хүрч, сэтгэлийг догдлуулах хүчирхэг хоолойгоор дуурийн дуунуудыг амилуулж чадаж байлаа.

Тэртээх 24 жилийн өмнө түүнийг дуулахыг хараад нэгэн залуу зүрхэн хэлбэртэй шоколад бэлэглэснээс хойш тэр хоёр гурван хүүхдийн эцэг, эх болон дараа жил мөнгөн хуримаа хийхээр төлөвлөснөө дуучин Ж.Алтанцэцэг дурсан “Чамайгаа үнсье” дуугаа ханидаа зориулан урсгав.

Хүнийг аз жаргалтай болгохыг хүсвэл сайхан сэтгэлээр сэтгэлийн бэлэг барихад болно хэмээн “Бэлэг” гэдэг дуугаараа “Хайр гэж” тоглолтоо жаргаав.

Поп дива Ж.Алтанцэцэгийг тоглолтыг үзээд гарсан хүмүүс түүний шинэхэн уран бүтээлүүдийг дахин сонсохыг хүсэж, хэзээ клип нь гарах бол их сайхан үг, аялгуутай дуу байна хэмээн ярилцаж байлаа.

Дайчин хөдөлмөрч дуучин маань “Хайр гэж” тоглолтоо 21 аймагт тоглох буй за хэмээн хүсэж, түүний шинэхэн цомгийг хамгийн түрүүнд задлахыг тэсэн ядан хүлээж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.