Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, бизнесийн хамтрагч Ч.Бямбаа нартай холбоотой дөрвөн сая ам.долларын авлигын хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа. Д.Дорлигжав нарыг Прокурорын шийдвэрээр цагдан хорьж шалгаж байсан боловч, шүүхийн шийдвэрээр гадуур байцааж эхэлсэн.
Тэдэнтэй холбоотой авлигын хэргийн дуулиан дэгдэх үеэс “Их замын дээрэмчдийн нэг” Ч.Бямбаатай холбоотой 100 сая төгрөгийн авлигын хэрэг сөхөгдсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Татварын хэргээр шалгагдаж байсан компанийн захирал руу Ч.Бямбаа хандан, хэргийг нь зохицуулж өгнө хэмээн 100 сая төгрөгөөр хохироожээ. Мөнгөө нэхэх бүрт “Би тэр мөнгийг чинь Д.Дорлигжавт өгсөн” хэмээн амыг нь тагладаг байна.
Энэхүү мөнгөтэй холбоотой мэдээлэл цацагдсаны дараа Ч.Бямбаад мөн 15 сая төгрөгөө өгөөд алдсан нэг иргэн манайд хандсан юм. Иймд эдгээр хүмүүс нийлж, Авлигатай тэмцэх газарт гомдол гарган, Д.Дорлигжав, Ч.Бямбаа нарыг шалгуулахаар болжээ.