ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр "Эко алтан заамар" ХХК гарсан ослын талаар мэдээлэл хийлээ.
Төв аймгийн Заамар суманд байрлах “Эко алтан заамар” ХХК-нд осол болж ес хоногийн турш ОБЕГ-ын 36 албан хаагч Үндэсний аврах бригадын албан хаагч, хууль хяналтын байгууллага, тухайн компанийн нийт 250 гаруй албан хаагч ажиллаж, осолдсон дөрвөн иргэнийг гарган авав.
“Эко алтан заамар” ХХК-ийн уурхайн ослын үеэр 78 метрийн урт хана, 120 гаруй метрийн өндөртэй, 11 метрийн зузаан мөстэй, шороо хоёр техник хэрэгслийг дарж, бульдозерийн нэг жолооч, экскаваторын нэг жолооч, шүүрлийн хэсэгт ажиллаж байсан хоёр иргэн нийт дөрвөн иргэн дарагдан осолдсон билээ.
“Аврагчид ес хоногийн турш мөстэй, шавартай усан дотор эрлийн ажиллагааг зохион байгуулсан. Эрлийн үйл ажиллагааг явуулах үеэр 1-3 тонн мөстэй, шороо үе үе унасан бөгөөд тасралтгүй шланкаар усыг соруулсан. Усыг соруулах явцад хүнд лаг шавар хоолойд нь тээглэх зэрэг саад бэрхшээл гарч байсан” хэмээн ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр дурдаж байлаа.
Аврагчид:
· Гуравдугаар сарын 1-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг
· Гуравдугаар сарын 3-ний өдрийн 13:32 цагт дахин нэг иргэнийг цогцсыг
· Гуравдугаар сарын 6-ны өдрийн 12:55 цагт гурав дахь иргэний цогцсыг
· Гуравдугаар сарын 9-ны өдрийн 08:56 цагт дөрөв дэх иргэний цогцсыг гаргалаа.
Аврах ажиллагааны үеэр онцгой байдлын албан хаагч нараас бэртэж гэмтээгүй ч хүйтэн усанд өдөрт наймаас дээш удаа 20 минутын турш шумбалт хийх, завин дээр ажиглалт хийх, нэгнээ осолдохоос хамгаалах гэх мэт хүнд нөхцөлд ажилласан гэдгийг ОБЕГ-ын дэд дарга дурдсан юм.
Дээрх ажиллагаанд оролцсон албан хаагч нарыг сэтгэл зүйчийн болон сэргээн засах эмчилгээнд хамруулах юм байна.