МЕХГ-аас Монгол-Оросын хамтарсан УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаанд гэнэтийн шалгалт хийж байна
Ямар зорилгоор энэ шалгалтыг хийж байгаа талаар МХЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгсөөс тодрууллаа.
- Танай газраас хийж байгаа шалгалт өмнө нь багагүй эсэргүүцэлтэй тулгарсан гэж сонслоо. Ямар учиртай вэ?
-МХЕГ 2019 оны төлөвлөгөөт шалгалтаа хийж байна. Энэ шалгалтыг өнгөрсөн оны сүүлчээр хийхээр төлөвлөсөн. Өмнө нь энэ шалгалтыг хийх гэсэн боловч шалгалт хийлгэхгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгарч арваад хоногоор хойшилж байгаад энэ удаад хийж байна. ЗТХЯ-нд хүсэлт тавьж, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад хоёр ч удаа хүсэлт тавьж байж энэ удаад шалгалт хийж байна.
Яагаад шалгалт хийлгэхгүй гэж эсэргүүцээд байна вэ гэвэл УБТЗ ХНН 1949 оны нэг гэрээ гаргаж ирээд байгаа юм. БНМАУ ЗХУ-ын нэг талын бүрэлдэхүүн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийхийг хориглоно гэсэн заалт. Энэ заалтыг нь үзэхээр шууд хориглосон юм байхгүй. Бид төрийн нэрийн өмнөөс төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг л шалгах гэж байгаа. Тэрнээс биш хамтарсан шалгалт хийх гээгүй.
Ер нь бол бид хамтарсан үйлдвэрүүдэд хяналт шалгалтыг жил бүр л хийдэг. Эрдэнэт үйлдвэр гэх мэт. Ер нь мэргэжлийн хяналтын байгууллагын түүхэнд хяналт шалгалт хийлгэхгүй гэх мэтийн эсэргүүцэлтэй тулж байгаагүй.
Бид хууль тогтоомжийн хэрэгжилтийг л шалгадаг болохоос биш өөр зорилгоор шалгалт хийдэггүй. Өнөөдөр УБТЗ ХНН-ийн дарга шалгалт хийхийг зөвшөөрсөн ч санхүүгийн бичиг баримтад хяналт шалгалт хийхийг хориглолоо гэсэн "цахилгаан" гаргачихаад байна.
Бид хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөрөнгийн ашигтай ашиггүй зарцуулалтыг үзэх гээгүй. Ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс, ээлжийн амралт, НДШ төлдөг эсэх гэх мэтийг л шалгана. Шалгуулахгүй удах тусам байгууллагаад "атар" болчихдог юм байна л даа.
- Ямар зорилгоор энэ шалгалтыг хийж байгаа вэ?
- Шалгалтын зорилго бол хөдөлмөрийн тухай, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг л газар дээр нь шалгах юм. Суурь шалгалт бол хөдөлмөрийн харилцааны тухай.
Сүүлийн таван жилд УБТЗ ХНН шалгалтад хамрагдаагүй. Дээр нь өнгөрсөн 2017,2018 онд 62 үйлдвэрийн осол гарсан. Үүнээс 40 ослыг нь үйлдвэрийн осолд тооцоогүй. Яалт ч үгүй ажлын байран дээр гарсан ослыг авто осол гэх мэтээр тооцсон байсан.
Мөн шалгалтаар цалин хөлс, нөхөн олговор, илүү цаг, нийгмийн даатгалын шимтгэл зэргээ төлж байна уу гэх мэт хөдөлмөрийн хуулинд заасан заалтуудыг хир биелүүлж ажиллаж байгааг шалгах юм.
- Хэдэн хүн шалгалт хийж байна?
- Өнөөдрийн хувьд шалгалт хийлгэхийг зөвшөөрсөний үндсэн дээр 10-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр шалгалтыг эхлүүллээ. Бид 3,4 групп болж Улаанбаатар, хойшоо, урагшаа, Баянтүмэнгийн чиглэл гэсэн маршрутаар шалгана. Энэ шалгалтыг нийслэлд долоо, орон нутагт долоо гээд нийт 14 хоногт багтааж хийнэ.