ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2016 оны 32 дугаар тэмдэглэл, "Эрдэнэт үйлдвэр" хувьцаат компанийн талаар авсан зарим арга хэмжээний тухай тэмдэглэлийг нууцаас гаргаж, тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат "Эрдэнэт үйлдвэрийг худалдаж авах мөнгө төрд байхгүй учраас "Монголын зэс корпораци"-д худалдах нь зүйтэй" гэсэн саналыг оруулсан гэж мэдэгдсэн билээ. Энэ асуудлаар бид тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Л.Оюун-Эрдэнэ сайдын мэдэгдлийг би үзсэн. Дутуу юм их байна. Юуны өмнө нууцийн тэмдэглэлийг ил болгосон нь зөв. 2016 оны зургаадугаар сарын 09-ний өдөр би энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулсан.
ОХУ-ын "Ростех"-ийн захирлаас ирсэн бичиг гэж бий. Үүнийг орос хэлнээс оруулалгүйгээр сэтгүүлчдэд тараасан байна. Уг бичиг дээр "Монголын төр яагаад энэ мөнгийг гаргах боломжгүй болсон бэ" гэдэг асуултын хариулт тодорхой бий. Энэ хувьцааг зарахын тулд ОХУ төлбөр төлөх хугацааг ажлын 12 хоногт багтаахыг заасан агуулга бий.
Энэ бичиг 2016 оны зургаадугаар сарын 01-ний өдөр үйлдэгдэж Монгол улсын Засгийн газарт ирсэн. Энэ үед 12 хоногийн хугацаанд багтаж уг 49 хувийг авахын тулд Монголын төр эрхзүйн шийдвэрээ гаргах, 400 сая ам.долларыг богино хугацаанд босгох зэрэг асуудал үүссэн.
Ярих, хийх хоёрын хооронд асар том зөрүү бий. Засгийн газар энэ асуудлыг дотроо ярьсан. Миний танилцуулга дээр тодорхой бий. Төр 12 хоногийн хугацаанд багтаж авч амжихгүй юм байна. Яагаад гэвэл ээлжит бус чуулган завсарласан байсан. /2016 оны тавдугаар сарын 20/
Засгийн газрын нууцаас гарсан ил тэмдэглэл дээр байгаа нэг зүйлийг би хадгалдаг юм. Гуравдугаар заалт дээр тодорхой бий. УИХ-ын ээлжит сонгууль болж буйтай холбогдуулан УИХ-ын 2016 оны хаврын чуулган завсарласан тул Эрдэнэт үйлдвэрийг худалдан авсан талаарх мэдээллийг УИХ-д танилцуулна, хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулиудыг хүчингүй болсонд тооцох тухай асуудлыг УИХ-д оруулах арга хэмжээ авахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасугай гэсэн байна.
Сонгуулийн дараа УИХ-д энэ асуудлыг танилцуулах байсан. Харамсалтай нь сонгуулийн дүнгээс хамаарч шууд улс төржөөд явчихсан.
Эцсийн эцэст би сайдын хувьд "Зарчим, Бодлого" хоёрын шийдвэр дээр зогссон. Нэгэнт төр өөрөө худалдан авах хөрөнгөгүй учраас хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг зарчим дээр зогссондоо би өнөөдрийг хүртэл итгэлтэй байна. Ямар ч байсан Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын өмч болсон.
Зургаадугаар сарын 13-ны өдрийн худалдаан дээр Засгийн газрын хамтын шийдвэр гарч энэ асуудал нэг тал руугаа шийдэгдсэн.
-ОХУ яагаад хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг зарах болсон юм бол?
-ОХУ тухайн үеийн Эрдэнэтийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй, олон жил татвараа төлөөгүй учраас ашиггүй болсон гэж үзсэн гэж би ойлгосон.
-Монгол улсад тухайн үед ямар ч мөнгө байгаагүй юм уу?
-Төрд тухайн үед 400 сая доллар байгаагүй. Эдийн засгийн хямралтай он жилүүд байсан. Ажлын 12 хоногт багтааж Монголын төр ийм их хэмжээний мөнгө босгож чадахгүй байсан. Ямар ч байсан ОХУ-ын 49 хувийг Монголд оруулж ирэх нь улс төрийн зөв шийдвэр байсан.
-Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн дансанд 400 сая долларын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө байсан гэж мэдэгдсэн?
-Аж үйлдвэрийн яаманд тухайн үед 90 сая доллар байтугай 9 цент ч байгаагүй. 2016 оны яамны төсвийн орлого зарлага одоо ч ил бий. Улс төрийн зорилгоор яамыг энэ асуудалд татан оруулах гэж байгаа бол тэгж болохгүй. Ямар ч холбоо байхгүй. Хэрэв концесс, зээлтэй холбоотой асуудал байна гэж үзвэл Хөгжлийн банкийг шалгах хэрэгтэй. Наадах чинь гүтгэлэг.
-Тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудлыг мэдээгүй гэж байсан. Энэ үнэн болов уу?
-Төрийн гурван өндөрлөг энэ асуудлыг огт мэдээгүй гэдэгт би итгэхгүй байна. Би зарчим, бодлого хоёр дээр байдаг хүн. Энэ гурван хүн мэдэж байж энэ асуудлыг хэлэлцсэн гэдэгт би бат итгэлтэй байна. Ганцхан Ерөнхий сайд нь мэдээд УИХ-ын дарга /З.Энхболд/, Ерөнхийлөгч /Ц.Элбэгдорж/ нар мэдээгүй өнгөрсөн гэдэгт би итгэхгүй.