СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-11

Бэлтгэлгүй шийдвэрийг биелүүлэхэд хэцүү байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.ДОЛЖИНЖАВ, П.АМГАЛАНБАЯР

Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох” шийдвэрийн хэрэгжилт ямар байгааг сурвалжиллаа. Бид эхний ээлжинд сүлжээ супермаркетуудаар орсон юм. “Оргил” супермаркетын нэгэн салбараар үйлчлүүлэгчдээс өөрсдийн авчирсан даавуун болон гялгар уутанд худалдан авсан бараагаа савлуулан гарч байгаа хэд хэдэн хүн байв. Тус дэлгүүрийн “Orgil Center” гэсэн шошготой гялгар уут нь хэрэглэхийг хориглосон ангилалд багтаж байгаа. Гэвч одоогийн байдлаар тус уутыг худалдаанд гаргасан хэвээр байлаа. Энэ талаар эрхлэгчээс нь яриа авахыг хүссэн ч татгалзсан юм. Харин кассан дээрээ 2800 төгрөгийн даавуун торыг давхар худалдаалж байв.

“Макс” сүлжээ дэлгүүрийн хувьд байдал яг ижил байв. Тус дэлгүүрийн логотой тор худалдаанд гарсан хэвээр байсан. Энэ талаар салбарын менежер Ч.Уянгаас тодруулахад “Манай дэлгүүр стандартыг хангасан торыг хэрэглэж байгаа. Манай тор ер нь шаардлага хангачихсан байсан юм билээ” гэв. Харин хүнсний ногоо, жимс жимсгэнэ савлах зориулалтай уутыг арай зузаанаар сольсон. Гэхдээ шаардлага хангасан эсэхийг сайн мэдэхгүй байгаагаа хэлсэн юм. 

“Сансар” супермаркетын хувьд тус дэлгүүрийн худалдаанд гаргаж буй тор нь заасан хэмжээнд нийцэж байгаа талаар менежер нь мөн ярив. Харин “Сансар” гэсэн логотой даавуун тор болон Монголд үйлдвэрлэсэн жижиг даавуун торыг давхар худалдаалж эхэлсэн нь сайшаалтай нэг алхам болжээ.

Харин жинлэж савладаг хүнсний бүтээгдэхүүнийг өнөөх нимгэн гялгар уутанд гаргасан хэвээр байсан юм. Иргэд болон худалдаачдын дунд ойлгомжгүй асуулт үүсгээд байгаа нь энэхүү нимгэн уут болоод байна. . Харин нийтлэг тасалж хэрэглэх байдлаар ашигладаг жимс, хүнсний ногоо, мах зэрэг шинэ амархан гэмтэх, муудах хүнсийг зөөвөрлөхөд ашиглах уут, скоч зэргийг хориглохгүй гэж заасан нь жинлэж авдаг хүнсний бүтээгдэхүүнийг ихэвчлэн савладаг дээрх нимгэн уутны хувьд эргэлзээтэй байдал үүсгээд байгаа аж. Ангиллын хувьд хориглож байгаа хэрнээ зориулалтын хувьд хэрэглэж болох ч юм шиг. Гэхдээ энэхүү нэг удаагийн хальсан уутнууд нь хамгийн их хаягдал болж байгааг иргэд хэлж байсан юм.

. Тухайлбал, “Баянзүрх” захынхан  жимс, хүнсний ногоо, гурил, будаа, элсэн чихэр, мах савлахдаа өнөөх нимгэн торыг ашигласан хэвээр байна. Хориглосон гэж заасан боловч өөр уут хэрэглэх боломжгүй байгаа талаар худалдаачид ярьж байлаа. Махны худалдаачин Т.Цог “Гялгар торыг хориглох нь зөв. Гэхдээ орлуулах тор, уутаа бэлдээгүй байж хэрэглэхийг хориглочихоор чинь утгагүй юм. Орлуулах уутаа бэлдчихсэн бол эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд тустай гэдэг талаас бид бүгд хүлээн зөвшөөрнө. Гэтэл махны шүүс гоожиж, төмс, лууван шороо ихтэй учраас гялгар уутанд хийхээс өөр арга байхгүй. Эсвэл хуучин хэрэглэдэг байсан бор цаасан уутаа бэлдээд өгвөл хэрэгтэй л шийдвэр. Эхлээд даавуун уут хийх үйлдвэр ч болтугай барьчихаад ийм шийдвэр гаргаасай” гэсэн юм.

Харин тус захын гурил, будаа савлан зардаг эмэгтэй Г.Жавзандорж энэ шийдвэр үр ашгаа өгч байгаа  талаар ярьсан юм. Тэрээр “Иргэд өөрсдөө даавуун уут оёод хэрэглэж болно шүү дээ. Дээр үед давс, сахараа ч даавуун торонд хийдэг байсан. Миний хувьд сарын дараа жигдэрчих байх гэж бодож байна. Одоо ч үр дүн харагдаж байна. Зарим хүн тортойгоо ирдэг болсон. Би өдөрт 100 тор хэрэглэдэг байсан бол одоо 50, ирэх сард 25, тавдугаар сар гэхэд хүн бүр даавуун тороо барьж ирээд жигдэрчих байх. Энэ бол зөв алхам, сайхан боломж” гэж ярилаа. Тэрээр том, дунд, жижиг гэсэн гурван төрлийн торыг өдөрт 11 мянган төгрөгөөр авч сардаа 105 мянган төгрөг зарцуулдаг байсан бол энэ сард зардал нь багасах төлөвтэй байгааг дуулгалаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс шалгалт явуулж зөрчил илэрсэн тохиолдолд хуулийн дагуу хурааж авах, устгалд оруулах арга хэмжээ авна гэж мэдэгдэж байсан. Гэвч энэ нь бодит байдал дээр биелэхгүй байгааг ашиглахыг хориглосон торнуудыг төрөл төрлөөр нь багцалж зарж буй худалдаачин харуулж байв. Нэг удаагийн нийлэг уутны 90 гаруй хувийг БНХАУ-аас нийлүүлж байна. Үлдсэн цөөн хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа бөгөөд дотоодын үйлдвэрлэгчид шаардлагад нийцсэн зузаантай тор үйлдвэрлэх боломж байгаа ч үнэ нь өсөх магадлалтайг хэлж байсан юм. Тиймээс эхний ээлжинд шийдвэрийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд импортыг хязгаарлахад тодорхой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байна. Энэ нь ямар ч бэлтгэлгүй байж яаран шийдвэр гаргасантай холбоотой талаар худалдаачид ярьж байлаа.

.

Харин сүлжээ дэлгүүрүүд болон худалдааны төвүүдэд Монголдоо үйлдвэрлэсэн даавуун уутны худалдаа бараг харагдсангүй.  Тиймээс боломжийн үнэтэй даавуун уутыг зах зээлд нийлүүлчихвэл хүмүүсийн хэрэгцээнээс гялгар уут гарах нь цаг хугацааны асуудал болох нь харагдаж байв. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн гэлтгүй бусад төрлийн бүтээгдэхүүний сав баглаа боодол зах зээл болон хог хаягдалд ямар хувийг эзэлж байгаа судалж, адилхан анхаарал хандуулахыг худалдаачид уламжлахыг хүссэн юм. Ямартай ч эхний ээлжинд тодорхой байгаа уутнуудыг орлуулах савлагааг олон нийтэд сурталчилж, дорвитой алхам хийхгүй бол энэхүү шийдвэр цаасан дээрээ үлдэж мэдэхээр байна.

2019.3.11 № 49, 50 (6016, 6017)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.