Баянхонгор аймгийн Хүрээ марал сумын харьяат, Монгол Улсын мэргэн, нум сум урлаач Лхагваагийн Ядамсүрэнгийн нэрэмжит отго харвааны тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд үндэсний сурын талбайд амжилттай болж өндөрлөлөө. Үндэсний спортоос сурын харваачид, шагай харваачид намрын дунд сард хаалт харваа буюу отго харвааг ёслол хүндэтгэлтэй хийдэг уламжлалтай. Монгол орны өнцөг булан бүрээс сурын алтан зурхайд 500 гаруй харваач цэц сорьсон юм. Үндэсний сурын харваанаас зохион байгуулдаг энэхүү харвааг Монголын үндэсний сурын спортын мастер, хүндэт мэргэн, Буриад улсын биеийн тамир, соёлын гавьяат ажилтан Төмөрхүүгийн Батмөнх 1990 оноос эхлэн өнөөг хүртэл 30 гаруй жил ивээн тэтгэж ирсэн. Түүнийг анх нум сум сонирхон харваж эхлэхэд улсын хэмжээнд хүүхэд, томчууд нийлсэн ердөө 70 хүрэхгүй харваачтай байсан гэдэг. Харин өдгөө энэ тоо 500 гаруй болж өссөн нь Ч.Батмөнх гуайн хүчин зүтгэлийн үр дүн юм. Түүний урласан нум төрийн бүхий л хүндэтгэлд хамгийн дээд бэлэг болдог. Төрийн ордонд буй Ерөнхийлөгчийн өргөөний хоймор дахь хоргонд заларсан есөн төрлийн зэвтэй сум бүхий нум Т.Батмөнх гуайн бүтээл. Үндэсний сураар хичээллэдэг харваачдын харвааны бэлтгэл хэр сайн хангагдсан нь хаалтын харваанаас харагддаг гэдэг үг бий. Отго харваанд амжилттай цэц сорьсон харваач ирэх жилийн наадмын сурын харвааг өнгөлнө гэж үздэг тул харваачид ийн хүндэтгэлтэйгээр оролцдог. Эрт цагт цэрэг эрсийн дэлхийн талыг эзэлж явсан түүхт зэр зэвсэг нум сум зуунаас зуунд өв соёл болон үлдэж, өдгөө түмэн олныг цэнгүүлдэг спортын гайхамшигт нэгэн төрөл болж хөгжжээ. Өв соёлыг сэргээн хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон хийдэг уухайн түрлэгтэй уг тэмцээнд шинээр 10 гаруй харваач спортын мастер, дэд мастер цол хүртэж үндэсний сурын харваачдын халуун ам бүлд нэгдлээ.
Эрэгтэйчүүдээс:
1. Д.Жамбалдорж /спортын мастер, аймгийн мэргэн/ 36 оноогоор тэргүүн байр
2. Ж.Баттөмөр /Монгол Улсын Даяр дуурсах мэргэн/ 36 оноогоор дэд байр
3. А.Хатанбаатар /спортын мастер, аймгийн мэргэн/ 35 оноогоо гутгаар байр
4. Б.Сосорням /Монгол Улсын мэргэн/ 34 оноогоор IV байр
5. Б.Ёндон /Монгол Улсын Даян мэргэн/ 34 оноогоор V байр
Эмэгтэйчүүдээс:
1. Э.Сайханчимэг /спортын мастер, аймгийн мэргэн/ 39 оноогоор тэргүүн байр
2. Ч.Гандаваа /спортын мастер, аймгийн мэргэн/ 34 оноогоор дэд байр
3. Д.Норжмаа /Монгол Улсын Даян мэргэн 34 оноогоор гутгаар байр
4. Э.Заяа /спортын мастер/ 33 оноогоор IV байр
5. Б.Дуламсүрэн /спортын мастер/ 33 оноогоор V байр тус тус эзлэв.