Монгол улсын нийт хүн амын 70 гаруй хувь нь хүнсний хэрэглээндээ зориулалтын бус хуванцар савыг өргөн хэрэглэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шинжилгээгээр зориулалтын бус хуванцар саванд ус хонуулахад усан дахь найрлаганд өөрчлөлт орж, байх ёстой хэмжээнээсээ төмөр хоёр дахин их, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их байгааг тогтоожээ.
Хүнсий зориулалтаар хэрэглэгдэж байгаа тосны канистр, том цэнхэр сав зэрэг хуванцар савнуудад дараах химийн бодисууд илэрч байна. Үүнд:
· Хар тугалганы хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжид заасан хэмжээ(0.01 мг/л)-нээс тосны канистерт 500-800, цэнхэр том саванд 60-72 дахин их;
· Формальдегид хуванцар сав суулганаас химийн бодисын хүнсэнд шилжих зөвшөөрөгдөх дээд хэмжээ(формальдегид 0.1 мг/л)-нээс тосны канистерт 1800-3900, том цэнхэр саванд 3600-6900 дахин их;
· Формалины хэмжээ тосны канистерт 27,0-39,17 мг/л, том цэнхэр саванд 37,67-53,43 мг/л тус тус илэрч байна.
Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Сав, баглаа боодол” 2016-2020 онд хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрийн хүрээнд нэг өрхийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хадгалдаг зориулалтын бус хуванцар савны тоог 50 хувь бууруулж 1-2 ширхэг болгох, хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх мэдлэг бүхий хэрэглэгчдийн хувийг 22 хувиас 50 хувь болгож нэмэгдүүлэх зорилтуудыг тавьсан.
Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан зурагт хуудсыг байршуулах, эрүүл мэндийн хичээлийн хэрэглэгдэхүүн болгон хэрэглүүлэхээр 21 аймаг, 9 дүүрэгт нийт 5500 ширхэг мэдээлэл, сурталчилгааны материал тараажээ.