Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ногоочин Б.Батсүрэн сүүлийн тав зургаан жил могойн чуулгантай амьдарч байгаа гэнэ. Тэрбээр анх гэрт нь могой үүрлэснийг анзааран мэдэж айн эмээж нутагладаг газраасаа буйр сэлгэн хэдэнтээ нүүсэн боловч хаана л очно тэр газарт нь дагаад ирчихдэг байна. Нутгийн эрдэм номтой гэгддэг сайн лам нарт үзүүлтэл хачирхалтай гэмээр хариулт сонсчээ. Тэд түүнд “Урьд насандаа лусын охин байсан байх магадлалтай. Тиймээс могой олноороо дагаж буй юм. Айн сандарч, холдон зугтаах хэрэггүй.Тэд өөрт тань ямар ч муу зүйл хийхгүй. Харин ч танайх өөдрөг сайн явна” гэж лүндэн бууснаар “урт хайрхануудтай” эвлэрч амьдрах болжээ.
Тэдний байшингийн дор нүхэн үүр байдаг аж. Хавар ханш нээгдэж, ногоо тариалах цагаар могойнууд үүрнээсээ гараад ирдэг гэнэ. Арьсаа гуужуулж, цуглаанаа хийнэ. Чуулганаа хийсний дараа арьс нь нэвсийж, зулгарсан могой үүрнээсээ гарч гэрийнх нь гадуур дотуур үзэгддэг байна. Том могой нэг метр гучин см. Жилд 20-30 могой зулзагладаг байна. Нутгийн олон могойн чуулган болох үеэр ихэд бэлгэшээн, тэдний гэрийн ойролцоо ирж хардаг болсон гэнэ. Тэрбээр энэ тухайгаа “Сүүлийн таван жилд манайд лус үүрлэж, чуулганаа хийж байна. Тэд хааяа гоё үзүүлбэр үзүүлдэг. Дээр үеийн хөгшид могойн чуулган харсан хүн сайн явдаг гэж ярьдаг байсан. Тиймээс шүтээд л амьдарч байна. Могой чуулсан үедээ усны давалгаа шиг харагддаг. Мөн ороо нь орох үе гэж бий. Могойн гуужсан арьсыг нь авч хадганд ороон дээдлээд дээш тавьдаг. Би өөрийгөө сонин бөгөөд нандин зүйлтэй хамт амьдардаг гэж боддог” хэмээн өгүүлжээ.
Г. Батцэцэг