Францын автомашин үйлдвэрлэгч Bugatti брэнд дэлхийн хамгийн үнэтэй тансаг зэрэглэлийн ганган хүлгийг танилцууллаа. Женевийн автошоун дээр танилцуулсан “La Voiture Noire” хар өнгийн хүлгийг нэрээ нууцалсан эрхэм хэдийн 11 сая еврогоор худалдаж авсан байна.
Энэ нь 10 сая ам.доллараар зарагдаж байсан Rolls-Royce Sweptail-ын амжилтыг эвдэж байгаа юм. Bugatti компани дэлхийн хамгийн үнэтэй автомашиныг 110 жилийн ойдоо зориулан үйлдвэрлэжээ. “Хар машин” нэртэй хээнцэр хүлэг 1936-1938 онд тус компанийн ердөө дөрөвхөн ширхэг үйлдвэрлэж байсан “57 SC Atlantic” загварын шинэчлэн сайжруулсан хувилбар юм.
Ford Fiesta автомашины хөдөлгүүрээс 20 дахин хүчтэй хөдөлгүүртэй шинэхэн хүлгийг Porsche-н үүсгэн байгуулагчийн ач хүү Фердинанд Пиеч худалдаж авсан байж магадгүй гэсэн цуу яриа байна. Bugatti-ын Ерөнхийлөгч Стефан Винкелмэн “La Voiture Noire” нь технологийн дэвшил, тансаг орчныг дээд зэргээр мэдрүүлнэ гэжээ. 16 цилиндр бүхий хөдөлгүүр нь 1,500 морины хүчин чадалтай, зургаан яндантай ажээ.
Эх сурвалж: www.bbc.com